Оскарын шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй хэдий ч зочдын сэтгэлийг уяраасан үг, утга уянгаар дүүрэн байлаа. Өнөөдрийн шагнал гардуулах ёслолд од болон гялалзаж чадсан хүмүүсийн нэг бол яах аргагүй дуучин, продюссер Лэди Гага байсан юм. Түүний тоглосон "A star is Born" кино 91 дэх удаагийн Оскарын наадамд нэр дэвшин өрсөлдөж "Shallow" дуу нь шилдэг киноны дуугаар шалгарлаа. Грэммийн шагналт дуучин Лэди Гага ийнхүү Оскарын шагналт дуучин боллоо.
Тэрээр Оскар гардаж авах үедээ хамтран ажилласан найруулагч, жүжигчин Брэдли Күперт талархлаа илэрхийлж "энэ бол ялагдал эсвэл ялалтын аль нь ч биш. энэ бол хөдөлмөр, мөрөөдөлдөө хүрэхийг хүссэн хэн бүхний хүсэн хүлээсэн мөч" хэмээн хэлжээ. "A Star is Born" киноны жүжигчид тайзан дээр байхдаа хэт ойр дотно, нялуун байсныг энтертайнмент хэвлэлүүд шүүрч авсан ч тэднийг тайзнаас буусны дараа учир нь тайлагдсан юм.
Лэди Гага ганц бие болоод удаагүй байгаа ч Брэдли Күпер найз бүсгүй загвар өмсөгч Ирина Шэйктэй дөрвөн жилийн турш бат бөх харилцаагаа хадгалж буй. Күперыг тайзанд гарахад дэмжиж босч алга ташсан хамгийн эхний хүн Шэйк байсан бол Лэди Гага тайзнаас буугаад түүнийг чанга тэврэн баяр хүргэжээ. Үүнээс харахад сайн дуучин төдийгүй жүжигчин Гьагьа болон найруулагч Күпер нарыг хардах үндэслэлгүй бололтой.