АТГ-аас цаг үeийн асуудлаар болоод одоо шалгагдаж байгаа хэрэг мөрдөлтүүдийн талаар мэдээлэл өглөө
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар:
Салхитын мөнгөний ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгийг хээл хахуульд өгсөн болохыг тогтоосон. АТГ-аас талийгаач хуульч Л.Б-г их хэмжээний мөнгийг хээл хахуульд авах, өгөх гэмт хэрэгт хамтран оролцогч байж болзошгүй хэргээр 48 цагийн хугацаатайгаар шалгаж байсан. Мөрдөх байгууллагын хувьд талийгаачийг ажлын байр гэрт нь нэгжлэг хийн ноцтой баримтуудыг хураан авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас талийгаачийг сэжиглэн 48 цагийн дотор баривчилсан. Шүүхийн шийдвэргүйгээр баривчлах эрхзүйн зохицуулалттай байсан. 48 цагийг хэтрүүлсэн асуудал байхгүй. Хугацаа нь дуусаад гаргах гэж байхад амь нас нь хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Хэрэг ингээд хаагдахгүй үргэлжлүүлэн шалгаж гэм буруутай этгээдийг тогтооно. Дэлгэрэнгүйг цагдаагийн байгууллага өгөх байх. Салхины мөнгөний ордтой холбоотой хэргээр таван хүнийг шалгасан ч хэнийг ч баривчилж, хориогүй. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн хэрэг шалгагдаж байна.
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн хэрэг ямар шатанд явна вэ?
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байгаа. АТГ-ын хянан шалгах дүн шинжилгээний хэлтсээс шүүгч нарын хөрөнгө оруулгын мэдүүлгийг 2012-2017 оны байдлаар шалгасан. Шалгалтын явцад зарим нэр бүхий шүүгч нар ХОМ-гээ мэдүүлээгүй эсхүл зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй. Тиймээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүгчдийн албан үүргийг нь түдгэлзүүлэхийг прокурорын байгууллагат мэдэгдсэн .
- Талийгаач шүүгч Ч.Б-тай хамт уяач Ш.Мөнгөншагайг хамт хорьсон гэх мэдээлэл энэ үнэн үү?
-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн гэмт хэрэг дээр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хүмүүс байхгүй. Баривчлах ажиллагааны хувьд таван хүн баривчилсан.
Мөн Таван толгойтой холбоотой хэргээр eрөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж байцаасан. Мөн eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох хэрэг, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Хөгжлийн банктай холбогдох хэргүүд ч шалгагдаж байгаа гэдэг тайлбарыг өглөө.
- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан уу?
- Таван толгойгоос нүүрс хулгайд алдагдсан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Прокурорын байгууллагад өгсөн материалыг манайд шалгагдаж байгаа хэрэгт нэгтгэн шалгаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.
Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд “ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ТӨВ”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн
Иргэний хяналтын төвд АТГ-ын албан хаагчид болон Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд төвлөрөн сууж ажиллаж байна. Иргэний хяналтын төвүүдэд ажиллах явцад иргэдээс төрийн үйлчилгээний талаар, мөн төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, арга зүйн зөвлөгөө өгч, ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шуурхай шийдвэрлэж байна.
Орон нутагт давтагдан гарсаар байгаа нийтлэг зөрчлүүд:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг ашиглан Замын-Үүд-Эрээний боомтоор дараалалгүйгээр зорчигч, ачаа тээвэрлэж хууль бус ашиг, орлого олж байгааг таслан зогсоох үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өгсөн. Үүргийн дагуу Замын-Үүд боомтын зөвлөл хуралдаж, дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шийдвэр гаргаж, төрийн байгууллагуудад албан бичгээр хүргүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлсэн байна.
Эрчим хүчний яамнаас зарласан “Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилсөн болохыг АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд тогтоож, энэ зөрчлийг арилгаж, сонгон шалгаруулалтыг хууль, тогтоомжид нийцүүлэн явуулах зөвлөмж, чиглэлийг яаманд хүргүүлэв. Шалгалтаар сонгон шалгаруулах ажлын хэсэг нь зарын дагуу материалаа ирүүлсэн 3 иргэний материалыг хэлэлцээгүй атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдов.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид ХАСХОМ гэх/-ийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.
Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу нийт 10 албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.