Их Британи улсын олон улсын хөтөлбөрийн дагуу сургалт, үйл ажиллагаагаа явуулдаг “British school of Ulaanbaatar” дээр баасан гаригийн /2019 оны хоёрдугаар сарын 22-ны 15 цагийн үед/ үдээс хойш болсон үйл явдлын талаар бодит мэдээллийг өгөх үүднээс үзэг, цаас нийлүүлж сууна. Энэхүү мэдээллийг бэлтгэж буй сэтгүүлч болбоос “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл гэж хүнийг олны танил гэдэг утгаар нь мэдэхээс цааш танихгүй, тус сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаагийн тухай өчигдөр дуулснаас хэтрэхгүй хүн билээ. Мөн тус сургуульд хүүхдээ сургадаггүй учир эцэг, эхийн төлөөлөл биш гэдгээ юуны өмнө дурдаж хэлмээр байна.
Мөнгө, ааг хоёроо багтааж ядсан эцэг, эхчүүд жилийн 12-20 мянган ам.доллар төлж энд хүүхдээ сургаагүй байх. Амь амьдрал болсон үр хүүхдээ дэлхийн энтэй боловсрол эзэмшээсэй хэмээн хүсэж энэ сургуулийг сонгосон нь гарцаагүй юм. Гэтэл өдгөө үүсээд байгаа хөрөнгө оруулагчдын маргаан эцэг, эхчүүд, хүүхдүүдэд хүндээр тусаж байна. Иймд энэ маргаан шүүхээр хурдан шийдэгдээсэй гэж хүсэж байгаа аж.
Цэнгамаа овогтой Ариунаа нь багаасаа л ангийн дарга хийдэг, сурлагадаа сайн, нийгмийн идэвх өндөртэй хүүхэд байжээ. Боловсролын салбараар бизнес хийхийг эрт олж харсан тэрээр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтод санал тавьж, хөрөнгө оруулалт татсанаар Зайсан дахь “American school of Ulaanbaatar” сургуулийг 2006 онд хамтран байгуулж байжээ. Д.Зоригт тухайн үед “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга байсан учир хөрөнгө оруулагч болж, 51 хувийг нь эзэмшиж, Ц.Ариунаа Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. 2010 оны үед тэрбээр өөрийн хувьцаагаа Д.Зоригт нарт зараад энэ сургуулийн бизнесээс гарчээ. Чухам яагаад энэ бизнесийг орхисон юм бол доо?
Ингээд Ц.Ариунаа “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлд 2011 онд хандан ийм сургууль байгуулж болох санааг хэлсэнд цаадах нь ихэд сонирхжээ. Учир нь Ж.Оюунгэрэлд Яармагийн дэнжид олон га газартай ба ер нь сүүлийн арав гаруй жил боловсролын салбарт хөрөнгө оруулж байгааг нь бизнесийн салбарынхан сайн мэднэ. Ж.Оюунгэрэл нь “Шинэ Монгол” дунд сургуулийн захирал Ж.Галбадрахад хөрөнгө оруулан коллеж, их сургууль хамтран байгуулаад байгаа нь нэгээхэн жишээ юм.
Энэ зарчмаар Ж.Оюунгэрэл, Ц.Ариунаа нар хамтран “British school of Ulaanbaatar” сургуулийг байгуулахаар тохирч, эгч, дүү болжээ. Сургууль 2012 онд нээгдсэн аж. Тэднийг төрсөн эгч, дүү шиг байсан гэж ойр дотныхон нь ярьдаг. Ээж, аавууд дээр нь очиж золгодог, ийм дотны харьцаатай байсан хүмүүс өнөөдөр шүүхдэлцэж, нэг нэгнээ яахад ч бэлэн болсон нь харамсалтай.
“British school of Ulaanbaatar” дээрээс өчигдөр явсан лайвуудаар Ц.Ариунаа “Петровисийн Оюунгэрэл захирал үүнд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая доллар сургуулийг бүтээн байгуулахад 30 хувьд хүрэхгүй байсан. Би 7.5 сая долларыг “Хас” банкнаас авч энэ сургуулийг байгуулсан. “Хас” банкны захирал гадаад хөрөнгө оруулагч надад хэлэхдээ “Америк сургууль” (American school of Ulanbaatar-ыг хэлж байна.Сур) байгуулсан таны туршлага дээр үндэслэж энэ сургуулийг байгуулж байгаад хөрөнгө оруулалт хийж байна гэж надад итгэж энэ хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Гэнэн цайлган би 51 хувийг Ж.Оюунгэрэл эгчид өгөхдөө тэр хүнд итгэсэн юм. Намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж бодоогүй” гэж ярьсан.
Үнэхээр Ц.Ариунаа “Хас” банкнаас 7.5 сая ам.доллар зээлж энэ сургуульд хөрөнгө оруулсан уу? Дөрөвний нэг хэмжээний хөрөнгө оруулчихаад яагаад компанийнхаа 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөв? гэсэн асуулт эндээс төрөн гарч байгаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Ц.Ариунаа анхнаасаа Ж.Оюунгэрэлд хандан “хөрөнгө оруул, 51 хувиа өгье” гэсэн гэв. Харин тэр 7.5 сая ам.долларын тухай өчигдрийн лайваар анх удаа сонслоо. Тэрний үнэн мөн нь удахгүй олдох байхаа” гэсэн юм.
Пөөнийсөн хар хувцастай, хар ноосон малгайтай хүн лайв хийхэд эцэг, эхчүүдийн зарим нь Ц.Ариунаа захирлыг гэж таниагүй гэж зарим нь ярина лээ. Сургууль дээрээ гял цал хувцасладаг сургуулийн захирал яагаад ингэж нунж дорой хувцаслах болов? Өрөвдүүлэх тактик уу? Эсвэл үнэхээр дээрэмдүүлчихэв үү?
Ж.Оюунгэрэл, Ц.Ариунаа нарын хооронд өрнөж байгаа маргаан сүүлийн хоёр хоногт олноо ил болсон болохоос биш одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс өрнөсөн гэж эх сурвалж хэллээ. Анхандаа 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө 49 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгө оруулалтыг Ц.Ариунаа “явцын дунд оруулна” гэсэн амандаа хүрээгүй гэсэн яриа бас байна. Хэрэв энэ нь үнэн бол 100 хувь хөрөнгөө гаргасан гэдэг утгаараа уржигдар Ж.Оюунгэрэл хүмүүсээ явуулж, Гүйцэтгэх захирлын өрөөний хаалгыг эвдүүлж, лацадсан болж таарлаа.
Харин “Петровис”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан, 51 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшдэг нь үнэн ч маргааш нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдоод байгаа шүүх хурлаас өмнө яагаад ийм болчимгүй зүйл хийв? (Уржигдрын сургууль дээр болсон үймээнийг Ж.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа удирдан явуулсан гэсэн мэдээлэл байна.Сур) Мөнгө санхүүгээ алдахаас айв уу? Эсвэл хөрөнгө хогшлоос нааш цааш болгох шаардлага байв уу? Гадаадын багш нарын өмч хөрөнгө, эрх ашиг ч хөндөгдөнө шүү дээ.
Мэдээж энэ бүх маргааны цаана хөрөнгө мөнгө бий. Ж.Оюунгэрэл хүчин мөхөс нэгнийг дээрэлхээд байгаа дээрэмчин үү, эсвэл Ц.Ариунаа худал яриад байна уу гэдгийг цаг хугацаа харуулна.
Ямартаа ч “British school of Ulaanbaatar” дээр хөрөнгө оруулагчидтай нь холбоотой ийм маргаан үүсээд байна. Эцсийн үнэн, мөнийг шүүх тогтооно. Мөн талууд эв зүйгээ олох өөр нэг гарц бий.
Энэ бүх маргаанаас хамгийн их хохирох хүмүүс бол мэдээж эцэг, эхчүүд бас сурагчид. Тэд жилийн 12-20 мянган ам.доллар төлсөндөө түгшээгүй. 12 жилийн төлбөрийг нэг дор бөөнөөр нь төлсөн эцэг, эхчүүд цөөнгүй байгаа учир түгшиж байгаа аж. “Төлбөрийг 12 жилээр нь бөөнд нь хийвэл 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ” гэсэн нь ийнхүү цөөнгүй эцэг, эхчүүдийг төлбөрөө яаран хийхэд хүргэжээ. Тэдний хүүхдийн ирээдүй бүрхэг байгаа учир Ж.Оюунгэрэл, Ц.Ариунаа нарын маргаан хурдан, дуулиан шуугиан багатай өндөрлөөсэй гэж хүсэж байгаа аж.
Ингээд та бүхэндээ уржигдар сургууль дээр өрнөсөн зарим лайвуудаас хүргэе.