Венесуэл улсын хил орчмын тосгодод зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидогийн хүсэлтээр илгээсэн өрнөдийн орнуудын тусламжийн цувааг оруулахгүйн тулд Мадурогийн Засгийн газар хаалт тавьсан.
Босогчид хилийн дагуу тавьсан хаалтыг нурааж тусламжийн цувааг оруулахыг шаардсан байна. Засгийн газрын цэргүүд босогчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, хиймэл сумтай буугаар галлажээ.
Николас Мадуро өнгөрч буй долоо хоногт Бразили улстай залгаа хилээ хаасан бол сүүлд Колумб улстай тогтоосон дипломат харилцаагаа тасаллаа. Бямба гарагт Бразилийн хилийн ойролцоо болсон мөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Эмнести Интернэйшнл байгууллагаас жагсагч, босогчдын эсрэг галт зэвсэг хэрэглэж байгаа нь хүний эрхийг зөрчсөн онц ноцтой үйлдэл гэж үзээд байна. Бямба гарагт 18 цагт Колумбын Засгийн газар хилийн дагуу болсон мөргөлдөөний улмаас 300 хүн гэмтэж шархадсан гэж дамжуулжээ.
Энэ хооронд Ерөнхийлөгч Николас Мадуро Каракас хот дахь дэмжигчдийнхээ зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлж, улс эх оронд минь дайн гарахгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com