Монгол Улс Оросын байгалийн хийг Хятад руу өөрийн газар нутгаараа дамжуулан мөнгө олохыг эрмэлзэж байгаа аж. Ерөнхийлөгч В.Путин Монголын газар нутгаар хийн хоолой тавих саналыг дэмжээд удаагүй байгаа билээ. Гэвч Хятадад зуучлагч ер хэрэггүй. Учир нь Орос-Украины байгалийн хийн зөрчлийн бэлэн жишээ тэднийг болгоомжлоход хүргэж буй нь тодорхой. Энэ талаар Оросын бодол ч бодит байдал дээр огт өөр гэлтэй.
Монгол Улс газар нутгаараа Оросоос Хятад руу нефть, байгалийн хийн хоолой барих асуудлаар хамтран ажиллахад бэлэн тухай тус улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ мэдэгджээ. Тэрээр, “Ерөнхийлөгч В.Путин манай саналыг дэмжсэнд талархал илэрхийлъе. БНХАУ-ын дарга Си Зиньпин ч дэмжинэ гэдэгт найдаж байна. Манай тал тус төслийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн бат бэх нөхцлийг үүсгэн бүрдүүлэхэд бэлэн” гэсэн юм.
Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн зургадугаар сард Х.Баттулга, Си Зиньпин нартай уулзахдаа, газар нутгаараа ОХУ-аас Хятад руу нефть болон хийн магистраль хоолой барих Монголын саналыг Москва дэмжиж буйг мэдэгдсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Бид ерөнхийд нь дэмжиж байна, энэ бол сайн санал. Гэвч мэдээж ийм тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэлийг нарийн боловсруулах шаардлагатай” гэжээ.
Гэвч энэхүү төсөлд ирээдүй бий юу?
Орос Хятад руу өнөөг хүртэл зуучлагчгүйгээр байгалийн хий нийлүүлсээр ирсэн. Москва 2014 онд Хятад руу зүүн чиглэлийн “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай түүхэн гэрээг үзэглэсэн билээ. Тус хоолойгоор Зүүн Сибирийн (Якутын Чаяндын ба Эрхүү мужийн Ковыктийн) орд газруудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Хятад руу экспортлох юм. Байгалийн хийн хоолойг барьж дуусахад ердөө 40 км шугамын хэсгийг гагнах л үлджээ. Байгалийн хийн эхний нийлүүлэлтийг 2019 оны сүүлээс эхлэхээр товложээ. Гэрээний дагуу Хятад руу жил бүр 38 тэрбум шоо метр буюу 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх аж.
Мөн үед Хятад руу баруун чиглэлийн “Сибирийн хүч-2” хэмээх хоёрдахь хийн хоолойн тухай ярьж эхэлжээ. Тус хоолойгоор Ямал-Ненецийн автономит тойргоос Алтайн хязгаараар Хятадын баруун өмнөд нутаг руу жилд 30 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөсөн юм.
Гэвч нийлүүлэлтийн параметр үзүүлэлтийн талаар зөвшилцөх явдал удааширсан байна. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэх мэргэжилтэн И.Юшков, “Бээжин үнийн талаар наймаалцсаар байна. Одоо хэлэлцэж байгаа цорын ганц асуудал бол байгалийн хийн үнэ юм” гэж байна. Үлгэр домгийн гэмээр Монголын газар нутгаар тавих байгалийн хийн хоолой чухамдаа “Сибирийн хүч-2”-ын өөр нэг алтернатив хувилбар аж.
И.Юшков хэлэхдээ, “Монголоор тавих хийн хоолойг дэмжсэнээр В.Путин Хятадын талд манай баруун хилээр хоолойг шууд барихыг хүсэхгүй байвал Монголоор дамжуулъя гэж битүүхэн хэллээ. Тийм нөхцөлд хийн хоолой илүү богино болж, байгалийн хий илүү шаардлагатай Хятадын зүүн эрэгт хүрэх юм” гэж байв.
Асуудлын гол гэвэл Хятадад байгалийн хийн нийлүүлэлтийг Монголоор дамжуулах огт шаардлагагүй. Учир нь Монгол Улс хэл ам олоход бэрх дамжуулан нийлүүлэгч (Украины нэгэн адил), Москва, Бээжинг хийн хоолойг хаана гэж айлган сүрдүүлж, байгалийн хийн дайн өдөөгч болон хувирч болзошгүй билээ. Тийм боломж Монголын хорхойг ихээр хүргэх нь ч мэдээж. Иймд Монголоор дамжуулах хийн хоолойн хувилбар нь Хятадыг “Газпром”-той илүү идэвхтэй хэлэлцээ явуулахад түлхэх гэсэн Москвагийн оролдлого байж болох юм.
Хятадын тал Оросын байгалийн хийн үнийг бууруулахаар эрмэлзсэн ч “Газпром” буулт хийгээгүй ажээ. “Газпром” Хятадад байгалийн хий нийлүүлэх нь Европ руу экспортолсонтой ижил хэмжээний ашигтай байхыг хүсч буй. Учир нь аль алинд нь түүхий эдийг Баруун Сибириэс л нийлүүлнэ” гэж И.Юшков хэлж байна.
Өдгөө “Сибирийн хүч-2”-ын хэлэлцээ Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумд дахин сэргэлээ. БНХАУ-ын дарга Ши Жинпин В.Путинтэй хэлэлцээ хийхдээ баруун чиглэлээр байгалийн хий нийлүүлэх гэрээг богино хугацаанд үзэглэх зорилт тавьжээ. Гэрээний техникийн бүх нөхцлөөр зөвшилцсөн бөгөөд зарим “жижиг сажиг зүйл дээр” тохиролцох үлдсэн тухай Эрчим хүчний сайд А.Новак өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн юм. Гэрээг үзэглэнгүүт Монголоор дамжуулах байгалийн хийн хоолойн санаа ач холбогдолгүй болно.
“Хэлэлцээ удаан өрнөж байна. Гэвч Хятад улс нүүрснээс байгалийн хий рүү идэвхтэй шилжиж, дээр нь тус улсад байгалийн хий нийлүүлэгч орны нэг Туркменд байдал тогтворгүй болсон нь Бээжинг Оростой аль болох хурдан гэрээ байгуулахад түлхэж байна” гэж И.Юшков үзэж байна.
Өнгөрсөн жил Хятадын байгалийн хийн хэрэглээ 15 хувиар буюу 237 тэрбум шоо метрээр, харин энэ жилийн эхний хагаст бүр 17.5 хувиар нэмэгджээ. Ингэхдээ, хэрэглээ дотоодын олборлолтоос нь хавьгүй хурдан өсч байгаа аж.
2018 оны эхний хагаст Хятад Японы урд гаран дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч улс болжээ. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Хятад руу байгалийн хий экспортлох нь 35 хувь буюу 58.4 тэрбум шоо метрээр нэмэгдсэн байна.
Шинжээчдийн “Veta” группийн удирдагч түнш И.Жарский, “Байгалийн хий дамжуулах улс болж, өөр алтернатив чиглэл хайлгүй Оросын хийг худалдаж авах нь Монголд мэдээж ашигтай. Гэвч Монголоор өнгөрөх байгалийн хийн хоолойн чиглэл амьдрал дээр хэрэгжих үндэсгүй. Учир нь Дорнын эдийн засгийн энэ удаагийн форумд Москва, Бээжин “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар хэлэлцэж дууссанаа зарлалаа шүү дээ” гэсэн юм.
Нөгөөтэйгүүр, Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байсан нь саяхан. Энэ нь экологичдын судалгаагаар Байгал нуурын эко-тогтолцоонд заналхийлж болох аж. Хэрэв байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахгүй бол Орос улс Байгал нуурт аюултай төслөөс татгалзсаны хариуд Улаанбаатарт ямар нэг өөр зүйл санал болгохоос өөрцгүй гэлтэй.
Эх сурвалж: www.vz.ru