Австрид суралцаж буй монгол оюутнуудыг дэмжих зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ны хооронд “Шилдэг оюутан-2018” уламжлалт уралдааныг зохион байгуулав.
Энэ удаагийн шалгаруулалтад Вена, Грац, Линц зэрэг хотуудад суралцаж буй 20 орчим монгол оюутан оролцсоноос сурлагын байдал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж, Австри Улсын дэвшилттэй туршлагыг өөрийн улсад нэвтрүүлж болох тодорхой санал санаачилга дэвшүүлсэн судалгаа, төслийн санал зэрэг үзүүлэлтээр Венийн их сургуулийн оюутан Б.Хатанбаатар 2018 оны шилдэг оюутнаар шалгарч, Элчин сайдын яамны Хүндэт өргөмжлөл, нэг семестрийн сургалтын төлбөрөөр шагнуулав.
Б.Хатанбаатар нь 2016 оноос Венийн их сургуульд хими технологийн чиглэлээр магистрийн ангид амжилттай суралцаж байгаа бөгөөд химийн шинжилгээний орчин үеийн арга барил, техник технологи, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, мөн хүрээлэн буй орчны шинжилгээний аргууд, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжийг судалж, “Нанотехнологийн аргаар усан дахь хүнд металл (мөнгөн ус, хар тулгалга, хүнцэл) бохирдлын хэмжээг бууруулах” сэдвээр магистрийн зэргээ хамгаалахаар ажиллаж байна.
Б.Хатанбаатар болон дэд байранд шалгарсан Эдийн засаг, бизнесийн ухааны их сургуулийн оюутан Э.Өлзийбуян нар өргөмжлөл, дурсгалын зүйлсээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гардан авав. Түүнчлэн Bodenkultur их сургуульд хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй Ш.Уянга дэд байранд шалгарчээ.
/Зураг дээр зүүн гар талаас Гадаад харилцааны Сайд Д.Цогтбаатар, Э.Өлзийбуян, Б.Хатанбаатар, МУ-аас Австри Улсад суугаа Элчин сайд Г.Баттунгалаг нар/