СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-22

Г.Занданшатар: Нохой жилд эрс өөрчлөлтийн уур амьсгал сэвэлзэж эхэлсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдөр орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

 Тэрээр юун түрүүнд Монгол улсын ардчилсан шинэ тогтолцоонд шилжих шилжилт цэглэгдэж, тахиа жилд үндэсний ухамсар сэргэн, нохой жилд эрс өөрчлөлтийн уур амьсгал сэвэлзэж эхэлсэн гэдгийг онцоод төрийн удирдах ажилтан бүр өөрчлөлтийг хошуучлан дэмжиж, монгол  хүний төлөө, Монгол Улсынхаа төлөө, Монгол төрийн төлөө сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх шаардлагатай болсныг тэмдэглэжээ.

Ингээд 

"Нэгдүгээрт,  Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай, энэ бол ардчилсан төрийн үндсэн суурь зарчим гэдгийг бид байнга санаж явах ёстой.

Энэ зарчим зөвхөн 4 жил тутам болдог сонгуулиар илэрхийлэгдэх биш, сумын Засаг даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөө хүртэл бидний өдөр тутмын мөрдлөг байх ёстой. Ард түмнийхээс илүү хэсэг бүлгийн, хувийн, хамаатан садны ашиг сонирхол гэж байх ёсгүй. Тэр бол 20, 30,  100 дугаар асуудал. Тэгэхээр та бидний хамгийн нэгдүгээрт эрхэмлэх ёстой зүйл болбоос ард түмний хүсэл зориг шүү. Иргэд өнөөдөр шударга ёсыг, төр нь иргэндээ энэрэнгүй, харин буруутанд хатуу байхыг шаардаж байна. Тэгэхээр дээрээсээ эхлээд бүх шатанд хэрэгжих ёстой хатуу сахилга бат, дэг журмыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар үлгэрлэн манлайлах учиртай.

2019 оныг бид “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгож зарласан.

Төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн  үндсэн зорилго юм. Та бүгд энэ ажлыг нутаг дэвсгэртээ сайн зохион байгуулж, дүн тайланг улирал тутам гаргаж, төлөвлөж зорьсон үйл ажиллагаагаа бодитой хэрэгжүүлснээр төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.

Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтаасаа авахуулаад энгийн иргэдэд хүрдэг бүхий л үйлчилгээ, бэлчээр, ус, худгийн асуудалд нь хүртэл ард түмнийхээ санал санаачилгыг тусгаж ажиллах шаардлагатай байна. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Төрийн алба ил тод, нээлттэй, мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал. Төрийн түшмэд нь дээр, дооргүй ёс суртахуунтай, зарчимч, ажлын бүтээлч хандлага, идэвх санаачилгатай байж чадваас төр нэр хүндтэй болж, төрд итгэх иргэдийн итгэл батжиж, бөхжинө.

Төрийн албаны бүх шатанд, бүх түвшинд сахилга, хариуцлагыг эрхэмлэж, гагцхүү ард иргэддээ чин шударгаар үйлчилдэг үзэл санаа, зарчим, ёс суртахууныг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Бид УИХ, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. УИХ-ын гишүүд гагцхүү ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлж, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн өрнүүлж, хууль тогтоодог байх зарчмыг мөрдлөг болгохоор зорьж байна.

Та бүхэн www.parliament.mn, www.forum.parliament.mn гэсэн цахим хуудсуудыг байнга ашигладаг болох шаардлагатай байна. Дээр нь “Төрийн мэдээлэл” гэсэн цахим сэтгүүлийг нэмээд, энэ З аппликэйшнийг гар утсандаа суулга. Парламентын үйл ажиллагааг өдөр тутам тольдож, оролцож байх боломжийг та нарт нээж өгнө. Үүгээр цахим парламент, дижитал хэлэлцүүлгийн шинэ эринийг эхлүүлж байгаа юм. Энэ бол бидний парламентад хийх шинэчлэлийн нэг салаа мөчир юм.

Forum.parliament.mn-ээр хүмүүс нэр, хаягаа оруулаад, санал, бодлоо илэрхийлж болно. Гишүүддээ шууд хандах бололцоо ч нээгдэнэ. Гишүүд Үндсэн хуулийнхаа зарчмын дагуу иргэдийнхээ санал, бодлыг нэгтгэн дүгнэж, судалгаа шинжилгээ хийгээд хууль боловсруулах үйл ажиллагаандаа тусгадаг, иргэддээ эргэж тайлагнадаг байх ёстой. Ингэснээр Их Хурлын гишүүд маань сумынхаа иргэдийн санал, бодлыг шууд авдаг, түүнийхээ судалгаа, тооцоо, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж мэтгэлцдэг парламентын соёлыг нэвтрүүлэхийг зорьж байна. Хоёр талт эргэх холбоотой ийм цахим мэдээллийн сүлжээг бий болгоё. Үүнд та бүхний оролцоо чухал.

 

Гуравдугаарт,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд УИХ-ын намрын чуулганаар батлахаар төлөвлөж байна.

Мөн дөрөвдүгээр сард малчдынхаа төлөөллийг оролцуулан Бэлчээрийн тухай хуулийн төслөөр Зөвлөлдөх санал асуулга явуулахаар Швейцарийн хөгжлийн агентлаг, “Ногоон алт” төсөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоод байна. Үүнийг мөн www.parliament.mn, www.forum.parliament.mn цахим хуудсаар дамжуулан ил тод, нээлттэй зохион байгуулна. Эдгээр хуулийн төслүүдийг сумдын Засаг дарга нар ИТХ-аараа, иргэдээрээ хэлэлцүүлж, саналаа өгч, идэвхтэй оролцохыг хүсч байна.

 

Дөрөвдүгээрт, Төвлөрлийг сааруулах асуудлаар та бүхэнтэй УИХ хамтран ажиллахыг зорьж байна.

Төвлөрлийг сааруулах гэдэг нь хүний нөөц, санхүүгийн нөөц гээд бүхий л нөөцийг хуваарилах, төлөвлөх, удирдах чиг үүргийг төв Засгийн газар болон яам, агентлагаас орон нутгийн байгууллагууддаа шилжүүлэх хэмээн ойлгодог. Өнөөдөр сумын нийгмийн даатгал, татвар, төрийн байгууллагын хүний нөөцийн томилгоо ямар байна вэ. Төвөөс, Сангийн яамнаас Увс аймгийн Давст сумын сургуулийн цонх хагархай, хаалга нь эвдэрхий байна гэж мэдээд мөнгө хуваарилах уу? Аль эсвэл, аймаг, орон нутгийн түвшиндээ энэ асуудлыг шийдвэрлэх үү? Үүнийг төвлөрлийг сааруулах аргаар шийдвэрлэнэ.

ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгөнөөс аймаг бүрт нэг тэрбум төгрөг хуваарилъя, төв рүү арьс, ноосоо боловсруулахыг зорьж байгаа хүмүүстээ санхүүгийн, татварын, төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлдэг байя. Үүнийг төвлөрлийг сааруулах гэж ойлгож байгаа. Ийм учраас орон нутгийн түвшинд бие даан шийдвэр гаргах байдлыг хангах, төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, төсвийн төвлөрлийг бүрэн сааруулах гэсэн гурван хэлбэрээр төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. УИХ төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах шинэчлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Ажлын зааг ялгааг нарийн тогтоож, давхардал хийдэлгүйгээр маш тодорхой зааж өгөх, чиг үүргийг дахин хуваарилах шаардлагатай гэж үзэж байгаа.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Та бүхэн мөн  www.parliament.mn,www.forum.parliament.mn цахим хуудсаар дамжуулан иргэдийнхээ санал бодлыг бодитой, судалгаатай, тооцоотой боловсруулж ирүүлэхийг хүсч байна.

 

Тавдугаарт,  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. Ингэхдээ аль нэг нам, эвсэл, бүлэгт үйлчлэхгүй, зөвхөн ард түмний эрх ашигт нийцсэн, Монгол Улсын хөгжлийн замыг зөв тодорхойлсон, Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөө эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шинэ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх, УИХ-ын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах ёстой. УИХ-ын төсвийн эрх мэдлийг хязгаарлаж, төсвийг дураараа өөрчилж, төсвийн сахилга батыг алдагдуулдаг, улс орноо өр, зээлэнд оруулдаг буруу жишгийг зогсоож, хүний эрх, эрх чөлөөг хангасан, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоох чиглэлд парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлэх асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар зорьж байна. Хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын 39-р тогтоолыг хэрэгжүүлэх явцад аймгийн төвийг хотын статустай болгох талаар 525, Орхон аймгийг Эрдэнэт хот болгох талаар 1014, Шарын гол сумыг дагуул хот, эсвэл дүүргийн статустай болгох талаар 2004, Дархан-Уул аймгийг Дархан хот болгох талаар 857, нутаг дэвсгэр хүн амын тоог харгалзан нутаг дэвсгэрийн нэгжийг дахин хуваарилах талаар 503, тосгоныг засаг захиргааны нэгжээс хасах, зарим аймгийн тосгоныг сумын зэрэглэлтэй болгох, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай 573 санал ирснийг Үндсэн хуульд тусгах боломжийг судалж байна.

Түүнчлэн сум, дүүргийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх санал давтамж өндөртэй байгааг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд өөрчлөлт оруулах, сум, хот, дүүргийн Засаг даргыг сонгодог, аймаг, нийслэл, баг, хорооны Засаг даргыг томилдог байх санал мөн их байгааг үндэслээд бүх шатны Засаг даргыг томилох, сонгох болон Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотой заалтыг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгахаар ажиллаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс орон даяар санал асуулга явуулсан тохиолдолд ч, парламентын хэлэлцүүлгийн үеэр ч гэсэн дороосоо Та бүхэн дэмжиж, хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна...

Эдгээр таван асуудал бол парламентын шинэчлэлийн төдийгүй Монгол төрийн шинэчлэлийн, Монгол Улс сэргэн мандаж хөгжихийн эх үндэс байх болно гэдэгт итгэлтэй байна. Монгол төрийн төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, монгол хүний хөгжлийн төлөөх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монгол төрийн өлмий бат орших болтугай" гэжээ.

 

Эх сурвалж: Parliament.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.