Хүн бүр дуучин болох албагүй ч дуулах дургүй хүн ховор бизээ. Энэ ч утгаараа 17 жилийн түүхийг ардаа үлдээсэн караоке дуулаачдын дэлхийнаварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдахаар болжээ.
Японы “Дайчикошо” /ДАМ/ брэнд 17 дахь удаагийн караокены дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэхээр болсон байна. Монголын “Матрикс Ко” хувьцаат компани наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чаджээ.
Уг тэмцээн нь дэлхий дээр хамгийн өргөн цар хүрээг хамарч, удаан үргэлжилдэг томоохон караокены уралдаан бөгөөд Финлянд улсад төвтэй. Азийн салбарыг Сингапур улс төлөөлөн хариуцдаг байна.
Угсаа гарал, нас зүс, ажил мэргэжил харгалзалгүй дуулах дуртай хүн бүрийн оролцох боломжтой наадмын өнгөрсөн жилийн ялагчаар АНУ-ын иргэн Микко Блэйз шалгарсан бол дэд байранд Панамаас ирсэн Кэрол Вилсон, гутгаар байранд Их Британиас ирсэн Сэсел Вүд оржээ.
Финалын шат 11 дүгээр сард болох ба улс орон бүрээс шалгарсан шилдэг оролцогчдын уралдаан жил бүр өөр өөр улс оронд зохион байгуулагдаж дэлхийн аварга тодруулдгаараа онцлог байна. Тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авсан “Матрикс Ко” компанийн дэд захирал Д.Батбаяр “Монгол улс караокены дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болсонд маш их баяртай байна. Монголчууд бид морин дэлэн дээр, уудам талдаа дуулж хуурдах дуртай. Энэ тэмцээнээр дамжуулан дэлхийн тайзанд авьяас чадвараа таниулах боломж юм” гэжээ.
Хэрэв та болон таны эргэн тойронд караокед дуулах дуртай хэн нэгэн байвал тэмцээний бүртгэл явагдаж байна. Та www.kwcmongolia.com цахим хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлтэй танилцаарай. Финлянд улсад өнгөрсөн жил болсон тэмцээний аваргаар шалгарсан Америкийн оролцогч Микко Блэйзийн дууг уншигч, үзэгчдэдээ сонирхуулж байна.
Эх сурвалж: www.pr.com