СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Шинэ жолооны үнэмлэх 4 дүгээр сарын сүүлээр хэвлэгдэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Манай сайтын өдөр бүрийн 15:00 цагаас хүрдэг "Халуун сэдэв" булангийн энэ удаагийн дугаарт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн Н.Пүрэвдорж оролцлоо

- Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл их гарах боллоо? Яагаад удаад байна вэ?

- ЦЕГ 2018 онд жолооны үнэмлэхний бэлдэц, дагалдах хэрэгслийг худалдан авах тендерийг зарласан. Тендер удааширсны улмаас энэ оны эхэнд л тендерт ялсан компанитай гэрээгээ хийлээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр бараа материалаа татаж, бүрэн нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш бидэнд 50 орчим мянган иргэний жолооны үнэмлэх шинээр хэвлүүлэх хүсэлт материал цугларсан. Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, эрхээ сэргээлгэж байгаа, үнэмлэхээ солиулж байгаа гэх мэт. Гадагшаа явах, яаралтай ажилтай хүмүүс хүсэлтээ гаргавал бид жолооны үнэмлэхийг эх хувиар нь цөөн тоогоор хэвлэж өгч байгаа.

- Түр үнэмлэх олгож байгаа гэх. Энэ үнэмлэх гурван сарын хугацаанд хүчин төгөлдөр үйлчилдэг. Гэтэл өнгөрсөн оны 11 дүгээр сард авсан хүний үнэмлэхний хугацаа дууссан бол яах вэ?

- Жолоочийн түр зөвшөөрлийг хууль зүйн сайдын баталсан журам стандартын дагуу хугацаа заан олгодог. Шинэчилсэн жолооны дүрэмд "жолоо барих эрх зүйн баримт бичиг" гэж заасан байгаа. Жолооны үнэмлэх захиалсан иргэдэд түр үнэмлэхийг гурван сарын хугацаатай олгож байгаа. Энэ хугацаанд амжиж шинэ үнэмлэх гарахгүй бол түр үнэмлэхийг дахин шинээр олгоно. Түр зөвшөөрөл олгоход иргэнээс ямар нэг мөнгө төгрөг авдаггүй. Дараа нь жолооны үнэмлэх хэвлэгдээд гарчихвал шууд солиод авч болно.

- Дөрөвдүгээр сарын сүүлчээр шинэ жолооны үнэмлэх хэвлэгдэх юм байна. Тухайн үед очер дараалал ихээр үүсэх байх даа?

- Энэ ачааллыг өмнө нь 2017 онд авч байсан. 100 гаран мянган иргэний жолооны үнэмлэх хэвлүүлж тарааж байсан. Одоо олгох 50 гаран мянган иргэний жолооны үнэмлэхийг тараахдаа нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллана. Жишээ нь "Монгол шуудан" компанитай хамтарч ажиллан хаягаар хүргэх үйлчилгээ ашиглана. Мөн заавал манай газар дээр ирэлгүйгээр "Дүнжингарав", "Драгон" төв гэх мэт олон нийтийн газарт байрлах нэг цэгийн төрийн үйлчилгээний газруудаар тараана. Тухайн үедээ бид хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зарлана. 

- Танай төв шинэ жолооны үнэмлэхийг өдөрт хэдэн ширхэгээр хэвлэх хүчин чадалтай вэ?

- Ердийн үед бол өдөрт 500-800 хүний жолооны үнэмлэхний материал хүлээж авч, 2000 хүний үнэмлэх хэвлэдэг байсан. Шинэ машин ашиглалтад орохоор одоо цугласан байгаа 50 мянган жолооны үнэмлэхийг сар орчмын хугацаанд хэвлэнэ. 

- Жолооч нар "үнэмлэхний хугацаа дууссан" гэсэн шалтгаанаар замын цагдаа зогсоогоод торгож байна гэсэн гомдол гаргаж байна?

- "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль" 2015 онд УИХ-аар батлагдан гарч, мөрдөгдөж байна. Тус хуулийн 18 дугаар зүйлийн нэгд: "Жолооны үнэмлэх 10 жилийн хугацаанд хүчинтэй байна" гэж заасан байдаг. Яагаад 10 жил зааж байна гэхээр энэ хугацаанд тухайн хүний гаднах төрх, биеийн галбир өөрчлөгддөг. Иргэний үнэмлэх ч гэсэн 25 жилийн хугацаатай хүчинтэй байдаг шүү дээ. Үүнтэй адил тухайн хүний жолооны үнэмлэхний хугацаа дууссан байвал солиулах ёстой. Замын цагдаа жолоочийг зүв зүгээр явж байхад нь зогсоодоггүй. Мэдээж ийм мэт тохиолдлоор зогсоосон  байж болно шүү дээ. Гэхдээ манай цагдаагийн байгууллага ийм торгуулийг түр хугацаанд хэрэглээгүй, сануулах арга хэмжээ авч байгаа гэдгийг хэлье. 

- Жолооны үнэмлэхээ шинээр захиалсан ч ирж авдаггүй тохиолдол их байдаг уу?

- Өнгөрсөн онуудад захиалга өгч хэвлүүлсэн ч шинэ үнэмлэхээ аваагүй найман мянга гаруй  жолооны үнэмлэх манай төв дээр байна. Магадгүй өнөө маргаашдаа жолоо барих шаардлаггүй ч юм уу, гадагшаа явчихсан ч юм уу, алга болгосон үнэмлэхээ олчихоод шинийгээ авахгүй байгаа тохиолдлууд байдаг байх.

Гэхдээ энд нэг зүйл сануулья. Жолооч та алга болгосон үнэмлэхээ олчихсон ч гэсэн хэрэв шинэ үнэмлэх захиалсан бол хуучин чинь хүчингүй болчихсон байгаа.  Хэрэв та үнэмлэх шинээр захиалсан бол манай газарт хандаад албан ёсны хүчинтэй үнэмлэхээ аваарай гэж дамжуулья. 7019-1515 дугаарын утсаар лавлаж асууж болно. Шуудан ажиллаж байгаа тул байгаа газартаа хүргүүлж болно.

- Цагдаа нар хуучин үнэмлэхийг шалгаад хүчингүй эсэхийг нь мэдэх үү?

- Одоо техник хөгжсөн. Цагдаагийн барьж байгаа шалгах төхөөрөмжүүд хот хөдөөгүй ажиллаж, мэдээллийн санд орсон өөрчлөлт тухайн цагдаагийн шгалгах төхөөрөмжид орчихсон гэсэн үг.

- Жолоочийн эрх сэргээх сургалтыг танай бүртгэл хяналтын төв хийдэг үү?

- Манай бүртгэл хяналтын төв бол цагдаагийн байгууллагын бүртгэл зөвшөөрөл, хяналтын бүхий л үйл ажиллагааг нэг цэгээс нэг дороос олгохоор байгуулагдсан төв. Үүний нэг хэсэг нь жолооны үнэмлэх. Шинээр гаргах, ангилал ахиулах, эрх сэргээх гэх мэт бүх үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам 2018 онд шинэчлэгдсэн. Эрхээ сэргээлгэж байгаа жолоочоос шалгалт авдаг байсан бол одоо авахаа больсон. Зөрчлийн оноогоо сэргээлгэх, жолоодох эрхээ сэргээлгэх зэрэг хүсэлтээ Улаанбаатар хотын зургаан дүүрэгт ажиллаж байгаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудад /ТББ/ хандах хэрэгтэй. Тухайн төвүүдийн хаягийг манай бүртгэлийн төвийн лавлах утас, сайт, цахим хаягаас аваарай. 

Та ТББ-д хандсанаар 3-4 цагийн хугацаатай сургалтад сууна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршиг, шинээр гарсан хууль дүрмийн шинэчлэлт, сэтгэл судлаачийн зөвлөгөө гэх мэт сэдвээр хичээл заалгах юм. Энэ сургалтад суувал жолоодох эрхийг шууд сэргээнэ. Хөдөө орон нутагт ч энэ сургалт хийгдэж байна. 

- Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй удаад байгаа энэ үед  цахим орчинд эрх сэргээнэ, жолооны үнэмлэх яаралтай гаргаж өгнө гэх мэт зар их харагдах боллоо?

- Иргэдийн хамгийн их ханддаг цахим хаяг бол facebook, twitter. Энд цахим гэмт хэргийн золиос болох магадлал өндөр байна. Өнгөрсөн жил 400 удаагийн үйлдэлтэй, 70 гаран сая төгрөгөөр бусдыг хохироосон хүнийг илрүүлж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Сая цагаан сарын өмнө нь гэсэн олон удаагийн үйлдэл хийсэн нэг этгээдийг олсон.

Манай иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Жолооны үнэмлэх шинээр авах болон ангилал ахиулахын тулд заавал жолооны курст суух ёстой. Тухайн курсийн сургалтын гэрээний үндсэн дээр манай төв шалгалт авна. Түүнээс цахимаар ангилал ахиулдаг, шинээр жолооч болгодог зүйл хаана ч байхгүй. Үүнд зөрчлийн оноо, эрх сэргээх гэх мэт зүйлс ч хамаарна. Мобайл банкаар мөнгөө шилжүүл, үнэмлэхний зургаа явуул гэх мэт амар хялбар арга заадаг нөхдөөс аль болох татгалзаарай. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.