Саудын Араб улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман пүрэв гарагт Бээжинд газарджээ. Хунтайж Салманы энэ долоо хоногт Азийн орнуудаар хийж буй албан айлчлалын сүүлийн зогсоол Хятад юм.
Бээжинд ирэхээсээ өмнө Энэтхэг, Пакистан улсуудад айлчилж олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, эрчим хүчний салбарт зарцуулахаар гэрээ хэлэлцээр байгуулсан. Хятад бол Саудын Арабын хамгийн том түнш. Саудын Арабаас Хятад улс 2018 онд 46 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Хунтайж Салман өнөөдөр Си Зиньпин даргатай уулзах юм байна. Си Зиньпинтэй уулзахаас өмнө Хятадын Төрийн зөвлөлийн дэд сайд Хан Жэнтэй уулзах ажээ. Хунтайж Салманы аав хаан Салман Бин Абдулазиз аль Сауд Хятадын дарга Си Зиньпинтэй 2017 оны гуравдугаар сард уулзсанаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ.
Хятадын Синьхуа мэдээллийн агентлагийн дамжуулснаар талууд олон талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Саудын Араб улс сэтгүүлч Жамал Кашоггийн хэргээс үүдэлтэй өрнөдийнхөнтэй харилцаа муутай байгаа тул Ази тивийн орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах алхам хийж байна гэжээ.
Аргентин улсад өнгөрсөн жил болсон Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтын үеэр хунтайж Бин Салманд найрсаг хандаж байсан цөөн удирдагчдын нэг нь Си Зиньпин байсан юм.
Саудын Араб улс Хятадын “Бүс ба зам” санаачилгад нэгдэх сонирхол ихтэй байгаа. Хунтайж Салманы “Алсын хараа 2030” төлөвлөгөөнд Хятад чухал үүрэгтэй гэж харж байна.
Эх сурвалж: www.cnn.com