Д.Эрдэнэцэцэг
“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталжээ. Шинэчлэлтийг энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж эхэлсэн гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн их худалдан авч буй эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр өмнөх жагсаалтыг шинэчилсан аж. Тухайлбал, 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50-80 хувийн үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болжээ.
Мөн даатгуулагчдын хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл буурууллаа. Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж, цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хасчээ. Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан аж.
Ингэснээр иргэдийн өөрөөсөө төлөх төлбөрийн хэмжээ багасан даатгуулагчид учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, эмийн зохистой хэрэглээг дэмжих, эмийн тусламж үйлчилгээнээс орхигдож болзошгүй зорилтот бүлгийн хүн амыг эмээр хангах, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг нөхцөл бүрдэх юм. Дашрамд дурдахад, энэ онд эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтөд 33.9 тэрбум төгрөг зарцуулах аж.