Дэлхийн хамгийн том зөгий Индонезийн Умард Молукас арлаас амьд олджээ. Байгаль судлаачдын олсон эмэгчин зөгий насанд хүрсэн хүний эрхий хуруу шиг том, хар өнгөтэй байжээ.
Британийн судлаач Алфред Рассель Уоллес 1858 онд аварга зөгийний талаар анх олон нийтэд таниулж байсан учраас түүний нэрээр Уоллесын аварга зөгий гэж нэрлэдэг байна.
Эрдэмтэд хамгийн сүүлд 1981 онд хэд хэдэн төрлийг нь олж байсан ч үүнээс хойш Уоллесын аварга зөгий дахин олдоогүй аж. Аварга зөгийн ул мөрөөр судалгааны багийнхан Индонезийн аралд хайгуулын ажлаа өнгөрсөн нэгдүгээр сард эхлүүлж эрлээ амжилттай өндөрлүүлсэн юм.
Тэд аварга зөгийг олж зургийг нь авч, бичлэг хийн баталгаажуулсан байна. Энэ зөгий дунджаар зургаан см урт буюу дэлхий дээрх хамгийн том зөгийний төрөл юм. Эмэгчин зөгий урт эрүүгээрээ модны үртэс цуглуулж үүр барьж морин шоргоолжний дайралтаас өөрийгөө хамгаалдаг аж.
Зөгийг олсон Умард Молукас аралд дэлхийн нэн ховор амьтан байгааг илрүүлсэн ч одоог хүртэл тусгай хамгаалалтад аваагүй учраас эрдэмтэд нэн ховор амьтдыг хамгаалуулахаар хүчин чармайлт гарган ажиллана гэжээ. Мөн "аварга зөгийг дахин олсноор зөгийн амьдралын талаар арвин судалгаа хийх боломжтой боллоо" гэж Прийнстоны их сургуулийн судлаач Эли Вайман ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com