"Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн харамсалтай хэрэг хоёр жилийн өмнө гарч байсан. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд оноосон ялыг өчигдөр болсон Нийслэлийн эрүүгийн хэргийн завж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арванэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар хорих ял оноосон боловч Д.Жавхлан, М.Амарболд нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүүхэд гомдол гаргасан байдаг юм.
Шүүх хурлын дараа шүүгдэгч Д.Жавхлангийн өмнөөлөгч О.Цэрэнпунцаг "Магадлалаа харж байгаад дахин давж заалдах уу, үгүй юу гэдгээ шийднэ" гэсэн бол хохирогчийн өмгөөлөгч "Шүүгдэгч нараас М.Амарболд нэг өмгөөлөгчтэй, Д.Жавхлан гурван өмгөөлөгчтэйгөөр хүч нэмэгдүүлсэн байдалтайгаар хуралд орж ирлээ. М.Амарболд ялыг хөнгөрүүлэх гэсэн саналтайгаар орж ирсэн бол Д.Жавхлан хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байв. Мөн хохирогчийн 13 нас гурван сартай байсан нь худлаа гэдэг байдлаар маргалдсан" хэмээв.
Шүүхийн зүгээс хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн М.Амарболдод 15 жил, Д.Жавхланд 20 жил оноосон нь зөв. Мөн хүчиндэх гэмт хэргээ үйлдэхдээ хялбарчилж, хэргийн нуун дарагдуулах гэж хохирогчид архи өгч амийг нь хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноосон нь зүйтэй гэж үзжээ. Хохирогчийн аав "Ер нь ялыг хэвээр нь үлдээсэн ч миний охин дахиад босч ирэхгүй. Хэрэгтнүүдийг бүх насаар нь хорино гэдэг нь сэтгэлээ хуурсан зүйл л болж байна" гэв.
З.Мөнхсувд