АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн уулзалт долоо хоног орчмын дараа Вьетнамын нийслэл Ханой хотод болохоор төлөвлөсөн.
Уулзалтын өмнө Умард Солонгосын удирдагч Вьетнам улс руу ямар унаагаар аялах бол гэдгийг ажиглагчид сонирхож байна.
Олон улсын үйл явдлыг ажиглагчид Ким удирдагчийг галт тэргээр явах боловуу хэмээн таамаглаж байгаа юм.
Умард Солонгосын удирдагч хэрэв галт тэргээр Вьетнам руу явах бол хамгийн багадаа хоёр хоногийн хугацаа зарцуулж 4,000 км зам туулна.
Трамп, Ун нарын анхны түүхэн уулзалт өнгөрсөн жил Сингапурт болоход удирдагч Кимийн унаа нууцлаг хэвээр байсан юм.
Сингапурт хүрэхдээ онгоцоор ниссэн нь тодорхой болсон ч ямар онгоцоор ниссэн нь нууц хэвээр үлдсэн.
Өмнөд Солонгос, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Умардын удирдагч шар ногоон өнгөтэй хувийн галт тэргээрээ Вьетнамын хил хүртэл яваад цааш машинаар явж магадгүй гэж дамжуулжээ.
Хэрэв Ким Жон Ун галт тэргийг сонговол ирэх долоо хоногт болох уулзалтаасаа хэд хоногийн өмнө урьтаж аян замдаа гарах нь гарцаагүй юм.
Эх сурвалж: www.bbc.com