“Мах идэх дуртай монголчууд хүнсний ногоо хэрэглэж заншсанаар илүү эрүүл хооллох болсон” гэж Биндэрья ярьжээ. Биндэрья бол Улаанбаатар-Эрээн хотын хооронд ачааны машинаар хүнсний ногоо тээвэрлэдэг жолооч. Дүү нь Улаанбаатарт хүнсний зах дээр ногоо зардаг. Хүнсний ногооны жагсаалтаа Эрээн хотод байдаг худалдаачин руу wechat-аар явуулж, бэлэн болсон захиалгыг Биндэрья тээвэрлэж ирнэ.
Гурван сая гаруй хүн амтай Монгол улс хүнсний ногооны хэрэгцээнийхээ дийлэнх хувийг Хятадаас нийлүүлдэг. Өдөрт 10-20 ачааны машин хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортоор хил давж байна. Өмнө нь ачааны машинууд хоёр талдаа 4-5 хоногийн хугацаа зарцуулдаг байсан бол шинэ зам тавигдсанаар Улаанбаатар-Эрээний хооронд талдаа найман цаг л давхидаг болжээ. Ердөө хоёр хоногийн дотор шинэ хүнсний ногоо захуудад ирдэг байна. Урьд өмнөхөө бодвол хүнсний ногооны тээвэрлэлт түргэн шуурхай болсноос гадна нэр төрөл нь олширчээ.
Улаанбаатарт хүнсний ногоо зардаг захиалагчийн Эрээн хот дахь түншдээ явуулсан зурвасыг харвал 51 төрлийн хүнсний ногоо, 19 төрлийн жимс, 6 төрлийн мөөг, 2 төрлийн халуун ногоо захижээ. “Хаоганг” бол жимс ногооны импорт, экспорт хариуцдаг компани. Монголын 40 гаруй зах, өөртөө үйлчлэх дэлгүүрүүдэд жилд 100,000 тн жимс, ногоо хүргэдэг гэжээ. Монголчуудын хамгийн их худалдаж авдаг ногоонд төмс, сонгино, байцаа багтдаг байна. Цахим худалдаа хөгжсөнтэй холбогдуулан интернэт ашиглан захиалгаа хүргүүлж авах тохиолдол ихэссэн гэж Эрээний худалдаачид ярьжээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com