Улсын бүртгэлийн багц хууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдэд бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шилэн кабелгүй сум, хороодыг цахим сүлжээнд холбох ажлыг эхлүүлжээ
2018 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр нийслэлийн 11 хороо, 39 сумыг шилэн кабелд холбож, онлайнаар төрийн үйлчилгээ авах боломжийг нээжээ. Ингэснээр 2018 оны сүүл гэхэд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 69 сум цахим сүлжээнд холбогджээ.
Энэ холболт хийгдсэнээр сум, хорооны иргэд иргэний улсын бүртгэлийн 15 үйлчилгээ, 10 төрлийн лавлагаа мэдээллийг харьяалал харгалзахгүй шууд авдаг болжээ. Өмнө нь сүлжээнд холбогдоогүй хороо, сумын иргэд заавал нийслэл юм уу, аймгийн төв орж бүртгэлийн мэдээллийг авах хүсэлтээ гаргадаг. Тухайн мэдээлэл нь 15-30 хоногийн дараа ирдэг байжээ. Тэгвэл Улаанбаатар хотын бүх хороо, 69 сум цахим сүлжээнд холбож, бүртгэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болжээ.
Энэ онд үргэлжлүүлэн бусад шилэн кабельд холбогдоогүй сумыг цахим сүлжээнд холбож, төрийн үйлчилгээг иргэд шуурхай хүргэж эхэлнэ
2019 оны есдүгээр сарын 1 гэхэд шилэн кабелтай холбосон 220 сум /ихэнх нь алслагдсан/бүртгэлийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болох юм байна. Үлдсэн 110 сумыг 2019 онд Засгийн газраас шилэн кабельд холбохоор төлөвлөж буй. Хэрэв холбогдчихвол УБЕГ цахим холболтоо хийнэ. Одоогоор Эд хөрөнгийн бүртгэл 100 хувь, Иргэний улсын бүртгэл 99 хувь, Хуулийн этгээдийн улсын бүртгэл 95 хувийг цахимжуулжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тавдугаар сарын 1 гэхэд бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа аж.