Б.Зул
Монголын үндэсний циркийн жүжигчид өчигдөр Испанийн Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын тэмцээнээс алтан цом хүртжээ. Тав хоног үргэлжилсэн “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд 100 гаруй уран бүтээлч оролцсон байна. Манай улсаас продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд дасгалжуулагчтай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож, дээрх амжилтыг үзүүллээ.
Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ. Өнгөрсөн онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын тэмцээнд мөн л алтан цомын эзэд болсон билээ. Монголын циркчид олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилд нэг мөнгөн цом, долоон алтан цом, хоёр гранприг эх орондоо авчраад байна. Дашрамд сонирхуулахад, ирэх сарын 23-наас манай улсын циркийн алтан манежнаа олон улсын циркийн тоглолт эхэлнэ. Уг тоглолтод одоогоор зургаан орны циркчид оролцохоор мэдэгджээ.