KFC Зайсан салбараас хордсон иргэдийн асуудалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ажлын хэсэг байгуулж, шалгаж байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д KFC-гээс хордсон нийт 247 иргэн хандсан, 44 хүн хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 24 нь хүүхэд, 20 нь насанд хүрсэн хүн байв. Мөн “Долоон одой” хувийн эмнэлэгт нэг хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ. Харин ШӨХТГ-т хоёр иргэн KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлж хордсон талаар гомдол ирүүлсэн бөгөөд цаашид иргэдийн гомдлыг хүлээж авахаа мэдэгдэв. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга С.Цэрэндулам “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд аж ахуйн нэгж нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх. Хохирол учруулсан тохиолдолд үйлдвэрлэгч төлнө хэмээн заасан байдаг.
Зөрчлийн тухай хуулиар ийм хохирол учруулсан хүнийг 900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох заалт бий. Эдгээр хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллаж байна. Түүнчлэн үйлчилгээ явуулж байгаа газарт тусгай зөвшөөрөл олгоход онцгой анхаарч, тогтмол шалгалт явуулж байхыг холбогдох газруудаас шаардаж байна. “Таван богд фүүдс” компанийн хувьд иргэдийн гомдол хохирлыг барагдуулахад тайлбар өгөхөөр болсон” гэв. Цаашлаад албаныхан нийслэлийн зургаан дүүрэгт Монгол хэлний хуулийн хэрэгжилтэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлжээ. Тухайн газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам талбай, хуулийн этгээдийн нэр хаягийг монгол хэлээр хөтлөн явуулах, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянах, хууль зөрчсөн талаар мэдээлсэн бол урамшуулах зэргийг зөвлөмжид тусгасан гэнэ. Монгол хэлний тухай хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох юм байна.