Монгол улсын гурван сая гаруй хүн амын дунд 19,000 эмэгтэй биеэ үнэлэгчид байгааг 2014 онд НҮБ тооцоолж байжээ. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Эмэгтэй биеэ үнэлэгчдээс гадна эрчүүд ч мөн багахан хувийг эзлэх болжээ. Монголд хүний наймааны гэмт хэрэг ихсэх болсон нь ядуу буурай байгаагаас ихээхэн шалтгаалж байна.
Өвлийн цельсийн -20-30 хэмийн хүйтэнд ил задгай гудамж талбай, зоогийн газар, шөнийн цэнгээний газар, караоке, саун массажны газруудад биеэ үнэлэгчид үйлчлүүлэгчдээ хүлээн бээрч зогсоно. Үүний зэрэгцээ 2000-аад оноос хойш хөгжсөн уул уурхайн хөгжил хүний наймааны гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Ойрын жилүүдэд Монгол улсад уул уурхайн салбарын бизнес эрчимтэй хөгжиж, тэр дундаа Өмнөговийн нутагт томоохон орд газруудад эрчүүдийг олноор нь ажиллуулж байгаа юм. Говийн нутагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уурхайд олон мянган эрэгтэй гэр бүлээсээ хол ажиллаж амьдарч байгаа нь хүний наймааны гэмт хэргийн төвлөрсөн газар болжээ.
Мөнгө олох ижилхэн зорилготой хүмүүс нэгнийгээ шүүж буруутгадаггүй
НҮБ-ын судалгаагаар жилд 3-5,000 хүүхэд, эмэгтэйчүүдийг хөдөө орон нутгаас авчирж хот суурин газарт болон хилийн чанадад худалдаалж байна. Францын Сорбоны их сургуулийн угсаатны зүйн профессор Гаэль Лаказ “Улаанбаатарчууд эмэгтэйчүүдийг биеэ үнэлж мөнгө олохыг эсэргүүцсээр байгаа ч уул уурхайн бүсэд бүх зүйл өөр. Тэд бүгд мөнгө олох ганц л зорилготой ирсэн учраас хэн хэнийгээ шүүмжилж буруутгадаггүй” гэжээ.
Энхтайваны Баатар Таван Толгойн нүүрсний уурхайд гурван жил жолоочоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд биеэ үнэлж буй зохион байгуулалттай хэргүүдтэй маш олон удаа таарчээ. Машин дүүрэн эмэгтэйчүүд ирж үнээ тохирон, хил гарахаар ээлжээ хүлээн зогсож буй жолооч нарын бүхээгт ордог гэжээ.
Биеэ үнэлэлт, хүний наймааны гэмт хэргийг дагаад нийгмийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байна. Монголчуудын 0,03 хувь нь ХДХВ/ДОХ-оор өвчилсөн гэсэн тоо байдаг. Гэвч ДОХ-ын халдвар тээгчдийн ердөө 32 хувь нь өөрсдийгөө эдгэшгүй тахлаар халдварласан гэдгээ мэддэг байна.
Уурхайд биеэ үнэлж буй эмэгтэйчүүдийн ханш 50,000 төгрөг
Биеэ үнэлж амь зуудаг бүсгүйг Ука гэдэг, 32 настай. Тэр охиноо төрснөөс хойш Улаанбаатарт биеэ үнэлж мөнгө олж эхэлсэн ч одоо Хятад руу нүүрс тээвэрлэдэг ачааны машины жолооч нарт үйлчилдэг болжээ. Укагийн ярьснаар үйлчлүүлэгчид тэдэнтэй харгис хэрцгий хандах тохиолдол цөөнгүй. Өмнөговийн хил рүү явахдаа 4-5 биеэ үнэлэгч эмэгтэй нийлж жолооч хөлслөн гэр түрээсэлж ажлаа хийдэг.
Тэд нэг удаа үйлчлүүлэгчтэй ойртохдоо 50,000 төгрөг, цагаар үйлчлэхээр бол 80,000 төгрөгийн ханштай. Өдөртөө дунджаар 200,000 төгрөг олдог гэжээ. Хэрэв жолооч нарт бэлэн мөнгө байхгүй бол 40-100 литр хүртэл шатахуун авч, түүнийгээ борлуулж мөнгө болгодог гэж Ука ярьсан байна. Хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг ч үйлчлүүлэгчид ихэвчлэн дургүй, говийн бүс алслагдмал учраас бараг олддоггүй гэжээ.
“Монгол улсад биеэ үнэлэгчдийг хог шаар мэт үзэн ядах боловч тэдний ихэнх нь өөрийн хүслээр биш бусдын дарамт шахалт, мөнгөний гачигдалд орсны эрхэнд амь зуух хялбар замыг сонгодог” гэж угсаатан судлаач профессор Гаэль Лаказ ярьсан юм. Тэдний нэг жишээ бол Гаамаа. Тэр 22 настай цэл залуухан оюутан боловуу гэж харагдана. Гэвч аль хэдийн хүний наймааны гэмт хэргийн хохирогч болжээ.
Гаамааг хүчээр биеийг нь үнэлүүлж, зугтах гэхэд нь зодож дарамтлан энэ зам руу татан оруулсан байна. Түүнийг зуучлан худалдаж байсан эмэгтэй огт мөнгө өгдөггүй, зөвхөн хоол хувцас өгдөг байжээ. Гаамаа учир байдлаа хэлж хамгаалуулахыг олон удаа хүссэн ч хэн ч түүнийг ойшоосонгүй. Эцэст нь Хятад руу зарагдаж тэндээс үйлчлүүлэгчийнхээ тусламжтай оргож Бээжин дэх Монголын элчин сайдын яаманд хандсанаар 2017 онд эх орондоо эргэн ирж, хүний наймаанд өртсөн хохирогчдын эрхийг хамгаалах Талита төрийн бус байгууллагатай холбогджээ. Тогоочийн сургалтанд сурч ажил хийхийг хүсдэг ч өнгөрсөн амьдралыг нь мэдэх хэн нэгэнтэй таарахвий гэхээс эмээдэг байна.
Эх сурвалж: www.telegraph.co.uk