Хөгжлийн банкинд шалгалт оруулах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа аж.
Уг шалгалтыг 30 хоногт багтан зохион байгуулна. 14 хоногтоо багтаж эхний үр дүнгээ засгийн газарт танилцуулна.
Хөгжлийн банкинд:
- Хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх,
- Чингис, Самурай бондын эргэн төлөлт,
- Төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хир оновчтой байсан эсэх,
- Тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл
- Санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх,
- Харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт,
- Хөрөнгө оруулалтын үр өгөөж,
- Зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа олон асуудлыг уг ажлын хэсэг шалгах аж.
Өмнө нь Монгол банкнаас Хөгжлийн банкинд шалгалт хийхээр ажлын хэсэг гарч очсон ч Хөгжлийн банк тодорхойгүй шалтгаанаар бичиг баримтыг гаргаж өгөөгүй аж. Иймд Засгийн газар шалгалт оруулж байна. Ажлын хэсгийн гишүүд бусад ажлаасаа чөлөөлөгдөж зөвхөн энэ шалгалтад анхаарч ажиллах аж.