Ипотекийн зээл хэрхэн олгогдож байгаа талаар манай сурвалжлагч Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.
- Зах зээлд бэлэн байгаа орон сууц олон байхад зээл хүссэн иргэдэд очиж чадахгүй байна гэсэн гомдол маш их байна. Ер нь судалгаа байдаг уу? Энэ талаар төрөөс ямар арга хэмжээ авч байна вэ?
- Өнгөрсөн жилийн тавдугаар сард УИХ-аас гарсан тогтоолын дагуу манай улсын орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг гаргасан. Улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байна. Улаанбаатар хотод 5222 орон сууц бэлэн байна. 2000 нь стандартын орон сууц буюу үнийн хувьд мерт квадрат нь 1,2 сая орчим төгрөгийн бололцоотой гэсэн үг.
Харин ипотекийн зээл хүсч байгаа иргэн буюу 30 хувиа төлөөд орон сууцны зээл авах боломжтой гэж судалгаа бөглөсөн 46 мянган хүн УБ хотод байна.
Эрэлт ч байна, нийлүүлэлт ч мөн их байна гэсэн үг. Энэ боломжийг уялдуулахын тулд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өнгөрсөн онд зохицуулах журам баталсан гэсэн үг.
Өмнө нь ипотекийн зээлийн төрөөс гаргаж байгаа мөнгөний 4 хувийг Монгол банк гаргаж үлдсэнийг нь арилжааны банкууд гаргадаг байсан. Энэ жилээс хэрэгжиж байгаа шинэ журмаар бол Монгол банк гаргаж байгаа мөнгөө 1 хувиар, арилжааны банкууд 12 хувиар гаргана. Ингэснээр найман хувиар олгож байгаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2-4 дахин нэмэгдүүлж чадна.
- Энэ шийдвэр албажиж гарсан уу?
- Өчигдөр Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, БХБ-ын сайд нар гурвалсан гарын үсэг зурж баталгаажуулсан.
Энэ жил манай улсын төсөвт ипотекийн зээл шинээр олгоход зориулж 115 тэрбум, Монгол банкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт 315 тэрбум төгрөг дээр нэмж арилжааны банкууд сул чөлөөтэй мөнгөө гаргаж 630 тэрбум төгрөгөөр орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Энэ нь өмнөх жилээс хоёр дахин их мөнгө гэсэн үг шүү дээ.
- Найман хувийн хүүг бууруулах боломж байгаа юу?
- Найман хувийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судалсан. Банкны зээлийн эх үүсвэртэй шууд холбоотой. Нэг ёсондоо арилжааны банкуудаас олгож байгаа зээл Монгол банкны бодлогын хүүтэй холбоотой байдаг. ОХУ-д л гэхэд ипотекийн зээлийн хүү 11% байдаг. Цаашид манай улсын эдийн засаг эрүүлжиж, Монгол банкны бодлогын хүү буурвал найман хувийн зээлийн хүү буурах боломжтой. Яг одоогийн байдлаар энэ хүү буурах боломжгүй.
- Хөдөө орон нутгийн иргэдэд найман хувийн зээлийг олгож байгаа юу?
- Орон нутагт ипотекийн зээл олгож байгаа. Хуулиараа нийт зээлийн 25 хувийг хөдөө орон нутагт олгох ёстой. Энэ журмаараа л явж байгаа.