Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ
Ч.Хүрэлбаатар: Сангийн яам өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хоёр асуудлыг оруулж хэлэлцүүлээ.
Нэгдүгээрт: 2018 оны гуравдугаар сард Монгол улсын "Эдийн засгийн форум"-ыг зохион байгуулж байхад блокчэйн технологи дээр үндэслэгдсэн флатформыг ашиглаж засгийн газар үнэт цаас гаргах тухай асуудлыг ярьсан. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэрэгжүүлэх журмыг баталлаа.
Урд нь засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкуудад санал болгож, банкууд хүү тогтоож авсаны дараа хоёр дахь зах зээл дээр зарах процесс явагддаг байсан. Хөрөнгийн бирж дээр засгийн газрын үнэт цаасыг зардаг байсан ч оролцоо багатай байсан. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар "Засгийн газар үнэт цаас гаргасан тохиолдолд блокчэйн технологи дээр үндэслэгдсэн флатформыг ашиглаж бүх хүн болон ААН-үүдэд Засгийн газрын үнэт цаасыг санал болгох боломж"-ийг бүрдүүллээ.
Хоёрдугаарт: Засгийн газрын зарим тусгай санд хийгдсэн шалгалтын дүнг танилцуулж, авах арга хэмжээний төслийг танилцууллаа. ТЭДС-г урт хугацааны турш шалгалаа. Үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш олон зөрчил гарчээ. Нийтдээ ТЭДС-аас 16 мянган ААН хоёроос дээш удаа зээл авсан байдаг. Мөн Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Автозамын зээлийн сан зэрэг олон санд шалгалт хийсэн. Зөрчлийг хэрхэн арилгах, цаашид авах арга хэмжээг Засгийн газрын тогтоол болгож дараагийн 7 хоногт гаргана.
Зээл олгох боломжтой ТЭДС, ЖДҮХС, Мал хамгаалах сангаас гурвуулангаас нь зээл авсан ААН үүд олон байна. Дээрх гурван сангийн хоёроос нь зэрэг зээл авсан нь 319 ААН байна. Энэ зээлийн мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд ордоггүй. 130-аад тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байсан. Эргэн төлөгдөх ажлыг эрчимжүүлсэний үрээр энэ зөрчил багасаж байна.
- Зарим сангуудыг хаах асуудлыг оруулж байгаа гэсэн мэдээлэл байна?
- Зарим санг татан буулгах саналаа танилцуулахдаа хэлсэн. Дараагийн долоо хоногт шийдвэрлэхээр нэр усыг нь зарлана. Бусад сангийн тухайд гүйлгээг нь төрийн сангаас аваад харах боломжтой. Гол зөрчлүүд нь зээл олгодог сан дээр байна. Зээл олгодоггүй сангуудын хөрөнгийн эх үүсвэр нь төсвийн хөрөнгө байдаг. Олон орон тоо байдаг. Хариуцаж байгаа яамд уг зөрчлөө шийдэх эрхтэй.
- Нийт хэдэн тэрбум төгрөгийн зээл гарсан юм бэ?
- Эцсийн шийд гарахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Олон жилийн турш хуримтлагдсан олон асуудал байсан. Нухацтай хэлэлцэж байж шийд гарна шүү дээ.