СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-02-20

О.Лхагвасүрэн: Xаана, ямар ч тоглолтод орсон “Монгол хүн” гэдэг том нэрийг үүрч явдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Мөнхзул

Японы анхны балетын компаниудын нэг “Маки Асами”гийн гоцлол бүжигчин О.Лхагвасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй бөгөөд энэ сарын 23, 24-нд ДБЭТын тайзнаа тоглох “Спартак” бүжгэн жүжгийн гол дүр болох хүчирхэг, эрэлхэг баатар Спартакийг амилуулж байгаа юм. Түүний аав нь Монголын нэртэй балетчдын нэг гавьяат жүжигчин Г.Отгонням. Харин ээж нь циркийн жүжигчин. Дүү нь ардын болон орчин үеийн бүжигчин. Эхнэр нь бас л балетын жүжигчин. Бүжгийн урлагаар хүмүүжиж, бүжгээр амьдарч буй тэрбээр эх орныхоо тайзан дээр анх удаа “Спартак” бүжгэн жүжигт гол дүр бүтээж байгаагаа маш том завшаан гэж харснаа хэллээ.

-Сайн явж ирсэн үү. ажлынхаа гарааг эхэлсэн театртаа урилгаар дүр бүтээх гэж байна. тиймээс юун түрүүнд таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Сайн явж ирлээ. Өнгөрсөн оны есдүгээр сард эх орондоо ирэхдээ “Спартак” бүжгэн жүжигт тоглох талаар санал солилцоод явсан. Энэ дагуу дөрөв хоногийн өмнө ирээд бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж байна даа. Төрөлх орныхоо театрын тайзнаа анх удаа, бас бага зэргийн айдастай. Бодож, төсөөлж байснаа илүү хэцүү дүр байна шүү.

-Спартакийн талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгвөл? ­

-Арвин түүхтэй бүжгэн жүжиг. Монголын дуурийн театрын тайзнаа анх 1984 онд тавьсан байдаг намайг бага байхад. Миний аав Крассын дүрийг бүтээдэг байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Отгонням гээд балетчин хүн бол миний аав юм. Багадаа энэ балетыг үзэж байсан. Харин намайг Японыг зорьсон хойгуур энэхүү бүжгэн жүжгийг дахин сэргээж тавьжээ. Ингээд анх удаа энэхүү бүжгэн жүжигт тоглох гэж байна.

-Уран бүтээлч хүний хувьд анхны гэсэн тодотголтой бүхэн дурсамжтай, бас догдлолтой, айдастай байдаг. Танд яг юу мэдрэгдэж байна вэ?

-Дүрийн хувьд маш том дүр. Эрэгтэй хүнээс тэвчээр, хүч, техник, авьяас, жүжиглэлт, ур чадвар гээд их зүйл шаардсан бүтээл юм. Ганцаараа шаналсан тийм үзэгдэл их учраас үүнийг маш тод томруун, сайн гаргахын тулд өмнө нь Спартакийн дүрийг амилуулж байсан ардын жүжигчин О.Ганбаатар багш, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг зэрэг мундагуудаас суралцаад, асуухаа асуугаад явж байна. Анх энэ бүжгэн жүжгийг хийхээр ярилцаж тохирсоныхоо дараа маш их баярласан. Баярлахын зэрэгцээ айсан. Дүр тийм амархан бүтдэггүй, дээрээс нь балет маань өөрөө тэр чигтээ нүсэр хөгжим, зураглалтай учраас сүрдэж байна. Хайр сэтгэл, хагарал, дайн байлдаан гэх мэт олон үзэгдлийг харуулж буй учраас уран бүтээлчээс маш их чадвар, тэвчээр шаарддаг.

-Таны аав красс жанжны дүрийг бүтээсэн юм байна. Харин та спартакийг амилуулна. нэг бүжгэн жүжгийн хоёр том дүрийг хоёр өөр цаг хугацаанд аав, хүү амилуулна гэж бодохоор сонирхолтой санагдаж байна? ­

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ дүрээ бүтээхдээ аль болох алдаа гаргахгүйг хичээж өмнө нь Спартакийг амилуулж байсан уран бүтээлчдээс асууж, зөвлөгөө авч байгаа. Хэдийгээр би олон дүр бүтээсэн ч “Спартак”­т анх удаа тоглож буй учраас хэцүү санагдах үе байна.

2007 онд Японы “Асами маки” балетын компанид орсноос хойш “Ромео Жульетта”, “Шадар гурван цэрэг”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хунт нуур, “Нойрссон гүнж”, “Жизель”, “Раймонда”, “ла Филь Маргарде”, “Дюн Элингтон” гэх мэт олон бүтээлд гол болон туслах дүр бүтээж явна

-Анх яаж балетын урлагт оров. аавын нөлөө бий л байх. дээрээс нь дур сонирхол нөлөөлсөн үү? ­

-Мэдээж аавын нөлөө их. Гэхдээ би багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бүжиглэх, дуулах гээд сургууль, цэцэрлэгээс зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнд оролцоно. Ер нь бага нас маань Дуурийн театр, Улсын цирк хоёр дээр л өнгөрдөг. Ээж минь циркийн жүжигчин байсан учраас тэр. Амралтын өдрүүдэд ихэвчлэн тоглолттой. Тиймээс байнга ирнэ. Тухайн үед хүүхэд байсан учраас тоглолт үзэхээс илүүтэй тоглож наадахыг л эрмэлздэг. Ингэж явсаар балетчин болсон. Уг нь эхлээд циркийн ангид шалгалт өгч тэнцсэн ч гараа гэмтээснээс болоод орхиж, балет руу урвасан даа. 1993 оноос Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид орж 2000 онд мэргэжлээр төгссөн. Төгсөөд түүнээс хойш 2005 он хүртэл Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа бүх л балетын гол бас туслах дүрүүдэд тоглосон. Удалгүй . Компанидаа ороод олон шинэ уран бүтээлээс гадна Монголдоо байхдаа хийдэг байсан дүрүүдээсээ ч бас бүтээсэн. Мөн гаднын нэртэй бүжигчид олон бүжиг дэглэгчтэй хамтран ажиллаж байсан.

-2007 оноос хойш гэхээр 12 жил өнгөрчээ. гэтэл та анх удаа “спартак” бүжгэн жүжигт тоглох гэж байна. Японд байхдаа тоглох боломж олдоогүй юу? ­

-Японд “Спартак”­ийг тоглодоггүй. Энэ бол маш том бүжгэн жүжиг. Яг энэхүү бүтээлийг ОХУ­-ын “Большой” театрынхан ирж тоглосон. Түүнээс биш үндэсний хэмжээнд нэг ч компани энэхүү балетыг тоглоогүй. Тэр утгаараа маш их баяртай байгаа. Яагаад гэвэл тоглож үзэх юмсан гэж бодож явдаг бүжгэн жүжигтээ хүссэн дүрээ бүтээж байгаа учраас тэр.

-Японд ямар уран бүтээл тоглогдож байгаа вэ?

-­Сонгодог чиглэлээ баримталж байсан. Харин сүүлийн жилүүдэд орчин үе тал руугаа хандаж байх шиг байна.

-Таны хувьд мөрөөдөж явдаг дүр байна уу? ­

-Багаасаа Спартакт дуртай байсан. Тэр утгаараа мөрөөдлөө биелүүлж байна гэхэд болно. Аав маань бүтээж байсан болоод тэр үү Красс жанжны дүрийг нэг бүтээчих юмсан гэж бодож явна. Хэдийгээр хийх юмсан гэх мөрөөдөл байдаг ч хүн бүрт зохидог, зохидоггүй дүр гэж байдаг шүү дээ. Энэ бүхнээ мэдрэхгүй хүссэн дүр болгондоо тоглоод байвал үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх магадлал бий. Өнөөдөр манай үзэгчид уран бүтээлчдээс маш их зүйлийг шаарддаг болж. Тэр тусмаа жүжиглэлт, ур чадварын тал дээр. Тиймээс хэдий мөрөөдсөн ч хэмжээгээ мэдэж байх хэрэгтэй юм болов уу. Сайхан дүр авчихаад түүндээ сэтгэлийн хөөрлөөр хандаж байгаад савангийн хөөс шиг болговол яана. Ер нь уран бүтээлч маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мэдрэмж нь тухайн дүрээ хэрхэн хүлээж авч буйгаас эхэлж байгаа юм.

-Та үзэгчдийн талаар цухас хэллээ. Ер нь манай улсад сонгодог урлаг уналтаас эргээд шинэ шатанд гарч байна. Ялангуяа балетыг үзэгчид маш их үздэг болсон. энэ талаар юу хэлэх вэ?

-Үзэгч их болсонд үнэхээр их баяртай байгаа. Балетын институт бас ихээр байгуулагдсанд баяртай байна. Үзэгчийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл их л дээ. Үзэгчдийг улам татахын тулд бид уран бүтээлээ сайн хийх хэрэгтэй, уран бүтээлчид нь чадвараа ахиулах шаардлагатай. Ингэж байж улам л дэвшинэ, дээшилнэ.

-Тэгвэл үзэгчдээс юу хүсмээр байна вэ? ­

-Тоглолтын дундуур босч явдгаа л больчих хэрэгтэй. Энэ бол маш бүдүүлэг зүйл. Японд тоглолт эхэлсэн л бол зохион байгуулагчид хамгийн хойно нь нэмэлтээр сандал тавьдаг. Ингээд тухайн бүжгэн жүжиг завсарлах хүртэл түр нэмэлтээр бэлдсэн сандал дээр суулгаж байгаад завсарлангуут хуваарь суудалд нь суулгадаг. Гэтэл манайд тийм зүйл алга. Хоцорсон ч, хоцроогүй ч дундуур нь босох, үзэгчдийн тав тухыг алдагдуулж өмнүүр, хойгуур нь явах гэх мэт дутагдал байна. Үүнийгээ засч чадвал өөр зүйл хүсэх шаардлагагүй. Тэртээ, тэргүй монголчууд сонгодог урлагийг сайн ойлгодог болсон.

-Монгол, Япон хоёр орны балетын ур чадварын талаар та юу хэлэх вэ? ­

-Манайх арай илүү. Японд сайн бүжигчин олон. Гэхдээ хүн амтай нь харьцуулаад үз дээ. Биеийн хөгжил, ур чадварын хувьд Монголын балетчид илүү. Сүүлийн жилүүдэд Японы залуу бүжигчдийн чадвар эрс сайжирч байна. Түүнээс биш Монголын ямар ч балетчин Японд очиход нэр хүндтэй. Яг өнөөдрийн байдлаар Японд надаас гадна 4­5 бүжигчин бий. Бүгд л тухайн компанидаа гоцлол бүжигчин. Ингэж бодохоор манайхны нэр хүнд ямар төвшинд байдаг нь харагдана. Ер нь манайхан хагас европ талдаа. Тэгэхээр биеийн онцлог арай өөр байдаг юм. Дээрээс нь чадалтай, тэвчээртэй, аливаад амархан бууж өгдөггүй гээд япончуудаас давуу чанар их л дээ.

-Япондоо шилдэгт тооцогддог томоохон балетад монгол залуу гоцлол бүжигчнээр ажиллана гэдэг чамгүй амжилт шүү дээ. Анх энэ балетдаа хэрхэн оров. Мэдээж өндөр шалгууртай байсан байх?

-Урд нь манай компанид багш нар болон захирал хүсэлт тавих юм уу, сайн багш нараар зуучлуулж ордог байсан юм. Манай компани өөрийн сургуультай болохоор ихэвчлэн тэндээсээ төгссөн хүмүүс ордог. Миний хувьд компанийн гурав дахь монгол бүжигчин. Анхных нь Т.Дашцэрэн гээд бүжигчин байсан. Түүний дараа гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ажиллаж байсан. Анх Т.Дашцэрэн ах намайг захиралтай ярьж, танилцуулаад очиж шалгуулахаар болсон юм. Тэгээд товлосон өдрөө яваад очтол бүх бүжигчинтэй хамт дасгалд ор гээд захирлаас гадна, ганц, хоёр багш байсан. Дасгалаа хийж дуустал “маргааш дахиад ирээрэй” гэсэн. Тэгээд дараагийн өдөр нь бас дасгалаа хийж дуусаад захирлын өрөөнд очсон чинь “Ажилд авна хичээгээрэй” гэж хэлээд авч байсан. Түүнээс хойш 12 жил болжээ.

-Мэдээж аливаа зүйлийн оргилд хүрэхэд тэр хүртэл хичээж ирсэн хөдөлмөр хамгийн чухал нөлөөтэй. Энэ хүртэлх замыг туулахад нэлээдгүй олон бэрхшээлтэй замыг туулсан байх. Тэр тусмаа балетчин хүний хувьд?

-Энэ компанидаа анх орж байхдаа гадаад хэл мэдэхгүй, мэддэг аравхан үгээ урд, хойно нь оруулаад хольж хутгаад ярьдаг байлаа. Гэхдээ балетын хэл хаана ч очсон ойлголцдог болохоор айхтар хэцүү байгаагүй ч багш нарын алдаа засах болон тайлбарлах зүйл дээр жаахан ойлгодоггүй үе байсан шүү. Анх гадаад хүн гэсэн хандлагаар харж, харьцдаг байсан ч одоо бол гадаад хүний тоонд орохоо больсон доо. Балетын бүжигчин болно гэдэг нэлээд л тэсвэр, тэвчээр шаардана. Олон зуун жилийн түүхтэй хатуу дэг журамтай алхам, хөдөлгөөн бүхэн нь тавилттай, утга учиртай. Сураад сураад дуусдаггүй зүйл.

-Компанийнхаа тухай товч мэдээлэл өгөх үү?

-60 гаруй жилийн түүхтэй. Япондоо анхдагчийн тоонд багтдаг, нэлээд нэр хүндтэй. Гадаадаас балетчин урьж тоглуулах тохиолдол байдаг ч албан ёсны гэрээтэй цорын ганц гадаад хүн нь би. Дээр хэлсэнчлэн надаас өмнө хоёр монгол балетчин энэ компанид ажиллаж байсан.

-Ажлаасаа авдаг урам зориг юу вэ? ­

-Ажлаасаа авдаг урам зориг их бий шүү. Бэлтгэлээ хийгээд, тоглолтдоо бэлдээд ядрах үе хамгийн сайхан. Мөн тайзан дээр гарахын өмнө, гараад бүжиглэж байхад мөн тоглолтоо дуусгаад
үзэгчдийн нижигнэсэн алга ташилт гээд бүгд л их сайхан мэдрэмж. Бэлтгэлийн явцад бүжгийнхээ хөдөлгөөн, техникийг сайн хийсэн үед ч урам зориг авна. Мөн сайн чаддаггүй зүйлээ чаддаг болох гээд л хичээнэ. Үзэгчдийн алга ташилт л урлагийн хүнд хамгийн том урам зориг шүү дээ.

-Танай компанийн дүрэм, журам хатуу юу? ­

-Хатуу. Ер нь . Үзээд сууж байгаа үзэгчид гоё харагдахын тулд амьсгаагаа хүртэл тааруулах хэрэгтэй. Тэр талаараа тухайн хүнээс маш их тэвчээр шаардсан урлаг гэж боддог.

-Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ? ­

-Аав, ээж хоёр минь миний үлгэр дуурайл авдаг хүмүүс. Их зүйлийг сурч, заалгаж, загнуулж байж өнөөдрийн би гэдэг хүн болсон гэж боддог. гэж хэлдэг байсан. Миний аав бас балетын бүжигчин хүн бий. Одоогийн Санкт-­Петербургийн “Ваганова”­ийн нэрэмжит балетын сургуулийг төгссөн. Мэргэжлээрээ 40-­өөд жил театрт гоцлол бүжигчнээр ажиллаж бас багшилж байсан. Саяхныг хүртэл хамтдаа тайзан дээр гарч байлаа. Ааваасаа их зүйлийг сурсан одоо ч гэсэн зөвлөгөө авдаг, аавынхаа хийж байсан дүрүүдэд тоглохыг маш их хүсдэг. Заримыг нь бүтээсэн ч дутуу үлдсэн дүрүүд бас бий.

-Таны хувьд амьдралдаа авч байсан том сургамж, бүтэлгүйтэл юу байв? ­

- гэдэг миний хувьд хамгийн том сургамж. Одоо хүртэл сургуульд байхдаа бэлтгэлээ сайн хийж байхгүй яав даа гэж бодогдох үе бий. Компанидаа хэдийгээр гол дүр бүтээж байгаа ч тэрийг дагаад хариуцлага их өндөр. Яагаад гэхээр бүх хүмүүс үзэгчид харахдаа “Асами маки” компанийн бүжигчин, мөн монгол хүн, монголын балетчин гэж хардаг. Монголын балет болон балетын бүжигчдийн талаар мэдэхгүй хүмүүс үзэгчид надаар л дүгнэнэ. Энэ л амьдралаараа мэдэрч яваа том сургамж, бас үүрэг хариуцлага маань юм уу даа.

-Гадаадад ажиллаад, амьдраад ирэхээр эх орондоо ирэх цаг хугацаа багасдаг. Эх орноо санагалзах үе байдаг л биз?

-Нэг хэсэг их ирдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд ажил ихтэй болохоор бараг чадахгүй юм. Гэхдээ ирэх бүртээ театрынхаа тоглолтыг оролцох юмсан гэж боддог.

-Ингэхэд таны гэр бүлийн хүнийг танай компанид ажилладаг гэж сонссон? ­

-Тийм ээ, эхнэртэй хамт ажилладаг. Миний “Асами Маки” компанийн гоцлол бүжигчин. Япон эмэгтэй бий. Бид нэг охинтой.

-Гэр бүлийнхээ хүний хамт монголынхоо тайзан дээр гол дүр бүтээх юмсан гэж боддог уу?

-Хамгийн их бодож, мөрөөддөг зүйлийн нэг. Уг нь энэ удаа хамт ирэх гэсэн боловч ажил гараад амжсангүй. Эхлээд өөрт оногдсон ажлаа, дүрээ сайн хийе. Манай эхнэрт ч гэсэн Монголын дуурийн театрын тайзнаа тоглох юмсан гэдэг мөрөөдөл бий. Дараа нь болох байлгүй. Гэхдээ ямар ч байсан ажиллаж байгаа хугацаандаа тоглох боломж гарна гэж боддог. Хоёулаа Монголын ДБЭТ-­ын тайзнаа тогловол сайхан л байна.

-Гэр бүлээрээ нэг компанид, нэг урлагийн төлөө хүчин зүтгэнэ гэдэг давуу тал их биз?

-Тэгэлгүй яах вэ. Бие биедээ сайн зөвлөнө. Алдаа, дутагдлаа ярилцахаас эхлээд давуу тал их байна шүү.

-Японы компанид анх ажилд ороод дүр бүтээх үед шантарч байв уу? ­

-Мэдээж байна. Гэхдээ гайгүй шүү. Шантрахын хувьд гэвэл одоо тийм нас үлдсэнгүй. гэж боддог. Ингэхийн тулд ганцхан Япон, Монгол ч биш дэлхийн бүхий л том компани, театрт өрсөлдөөн бий болно. Миний хувьд шантарч үзээгүй байж одоо шантарна гэж юу байх вэ. Үлдсэн хэдэн жилд бүх зүйлээ дайчлаад л дуусгана даа.

-Нээрээ балетчин эрт тайзаа орхидог шүү дээ. Тэгвэл тайзаа орхиод юу хийхээ төлөвлөсөн үү?

-Мэргэжлийнхээ дагуу багшлах санаатай. Одоо ч ажлынхаа хажуугаар багшилдаг.

-Та бол бүжигчин, тэр тусмаа балетын урлагийн гэр бүлийн хүн. Хүмүүс хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэх гэж хүсдэг. Таны хувьд?

-Хэцүүг нь мэддэг болохоор шахахгүй ээ. Гэхдээ миний охин дуртай юм шиг байна билээ. Хааяа ажил дээр ирэхээрээ дагаж бүжиглээд л байдаг юм. Өөрөө шийдэх биз. Багш нар болохоор манай охиныг “Танай охин бүжигчин болох юм байна” гэж хэлдэг.

-Гадаадын компанид ажиллаж байгаа хүн гэж бодохоор мэдээж гайгүй боломжийн нөхцөлтэй гэрээн дор ажилладаг байх гэж бодлоо? ­

-Ер нь Монголд урлагийн үнэлэмж тааруу байх шиг санагддаг. Уг нь цалин хөлснөөс эхлээд урлагийнхны үнэлэмжийг өсгөөд өгвөл Монголын нэр хүндийг олон улсад гаргах уран чадварлаг уран бүтээлч олон байгаа гэж боддог. Гадагшаа гарсан бол өндөр цалинтай, боломжийн нөхцөлтэй боллоо гэсэн үг биш. Байр сууриа олохын тулд “алалцах” шаардлагатай. Намайг бол одоо гадаад хүн гэж үзэхээ больсон.

-Та одоо Япондоо олны танил болсон уу?

-Мэдэх хүмүүс нь мэднэ. Манай компаниас зохион байгуулдаг тоглолтыг тогтмол үзэгчид бол намайг андахгүй. Японд балетын компани олон байдаг учраас сайн уран бүтээл, чадварлаг уран бүтээлчээрээ л ялгарна шүү дээ.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа. Цаг зав гаргаад “Спартак”­ийг үзэж, балетын урлагийн гайхамшгийг мэдрээрэй гэж хэлье. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.