Америкийн компаниуд иргэдийг автомашины хэрэглээгээ хязгаарлаж аль болох эрүүл, хялбар аргаар хөдөлгөөнд оролцохыг санал болгон скүтер үйлдвэрлэж эхэлсэн байх. Гэтэл сүүлийн үед скүтер нь хулгай дээрэм, гэмт хэргийн хэрэгсэл болжээ.
Индиана мужид өнгөрсөн 2018 оны есдүгээр сард орон байрны хулгай хийсэн этгээдүүд Bird цахилгаан скүтер ашигласан байна. Мөн скүтертэй дээрэмчид иргэдийн хэтэвч, лэптоп, цүнх шүүрэн зугтаажээ.
Мөн Мэрилэнд мужийн Балтимор хотод цахилгаан скүтертэй этгээд гар утас шүүрч зугтсан бол 12 дугаар сард Техасын Остин хотод банк дээрэмдсэн 19 настай хүү Uber-ын үйлдвэрлэсэн Jump скүтерээр хэргийн газраас зугтаасан байна.
Азаар цахилгаан скүтер худалдаж авч эсвэл түрээсэлж байгаа хэрэглэгчид гар утсан дээрээ тусгай аппликейшн суулгаж утасны дугаар, цахим шуудангийн хаяг, төлбөрийн картын мэдээллээ оруулдаг. Ингэснээр тухайн скүтерыг унаж буй хэрэглэгчийн мэдээллийг олоход илүү хялбар болж байгаа юм.
Цагдаа нар ч мөн цахим мэдээллээр дамжуулж гэмт хэрэгтнүүдийг цаг алдалгүй илрүүлж баривчилж чадсан байна. Банк дээрэмдсэн 19 настай хүүгийн мэдээллийг Uber компаниас авч тэр дор нь баривчилж хэргийг нь шийдэхэд цагдаа нарт хялбар байжээ.
Чикаго хотын банкнаас энэ сард 6,000 ам.доллар дээрэмдэж скүтертэй зугтсан 43 настай Жонатан Декора гэгч этгээдийг ч мөн ийм аргаар олж илрүүлсэн байна.
Эх сурвалж: www.qz.com