Эрүүгийн цагдаагийн алба хаагчид эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг энэ сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, 20-25 насны хоёр этгээд шөнийн цагаар таксинд явж байхдаа ганцаараа яваа эмэгтэйчүүдийг хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг дээрэмддэг байсан аж. Тиймээс охид, эмэгтэйчүүдийг шөнө оройн цагаар баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг зөвлөлөө. Үүнтэй холбогдуулан Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдэд Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран шалгалт хийж эхэлсэн байна. Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллажээ.
Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн, зургаан иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зуун мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоожээ.