Ц.Даваасамбуу
Транспаренси интернэйшнл байгууллагаас эрхлэн гаргадаг олон улсын авлигын индексээр ОХУ нь өнгөрсөн оны байдлаар 175 улсаас 138д жагссан. Тус улс 1996 оноос 2018 он хүртэлх хугацаанд олон улсын авлигын индексээр дунджаар 111-т орсоор ирсэн. Харин 2010 онд 154-д, 2017 онд 135 дугаарт жагссан байна. Ерөнхий сайд Дмитрий Медведевийн мэдэгдсэнээр Оросын прокурорын байгууллагууд одоогийн байдлаар 50 мянга гаруй авлигын хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн мэдээлснээр авлигын улмаас жилд улсын төсөвт 21 тэрбум рубль буюу 690 сая ам.долларын хохирол учирдаг аж. 2012 онд ОХУ-д 244 хотын дарга, 114 хууль тогтоогч, хууль сахиулах байгууллагын 1159 албан тушаалтныг авлигын хэрэгт буруутган хариуцлага тооцож байсан нь хамгийн олон хүнийг авлигын хэргээр шийтгэсэн тохиолдол болж байсан. ОХУын Ерөнхийлөгч владимир Путин төр, засгийн албан тушаалтнуудыг гадаадын банкинд данс нээлгэх, гадаадын компаниудын хувьцааг худалдан авахыг хориглох тухай хуулийн төслийг Төрийн думд өргөн бариад байгаа билээ.
Мөн Оросын Засгийн газар авлигын эсрэг албаны ажилтнуудыг бэлтгэх хөтөлбөрт 3.5 сая рубль зарцуулах шийдвэр гаргасан. ОХУ-ын Батлан хамгаалах салбар авлигаараа улсдаа тэргүүлдэг бөгөөд тус улсын батлан хамгаалах салбарын төсвийн тавны нэгийг авлигач албан тушаалтан, үнэнч бус генералууд болон бусад эрх мэдэлтнүүд жил бүр хумсалдаг тухай Оросын армийн ахлах прокурор Сергей Фридинский “Российская Газета”-д ярьжээ. Тэрбээр “Их хэмжээний мөнгө, тодруулбал таван рубль тутмын нэг нь авлигачдын халаасанд орж байна. Жилээс жилд батлан хамгаалахын салбарын төсвийг нэмэгдүүлж байгаа ч авлигачдын халаас улам зузаарч, харин цэрэг армийн тоног хэрэгсэл муу хэвээр байна” гэжээ.
Тус улс 2011 онд батлан хамгаалах салбарт 1.5 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн нь батлан хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулсан жил байлаа. Үүнээс харахад жилд энэ салбараас 10 тэрбум ам.доллар буруу гараар ордог гэсэн үг гэнэ. Армийнхаа зэвсэг хэрэгслийг сайжруулан хүчирхэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ салбарт ирэх арван жилийн турш 20 их наяд рубль зарцуулна гэж амлаад байгаа. Тэрбээр үүнтэй холбогдуулан батлан хамгаалах салбарт газар авсан авлигыг “цэвэрлэхийг” удаа дараа анхааруулж, хэд хэдэн өндөр дээд албан тушаалтныг ажлаас халсан байна.
ОХУ-ын хууль хяналтын байгууллагууд дээд албан тушаалтан, нэртэй бизнесмэнүүдийг албан тушаалаа урвуулан ашигласан болон хээл хахууль, залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Энэ нь тус улсын хээл хахуулийн эсрэг бодлого эрс идэвхжсэнийг гэрчилж байгаа юм.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ЧАНГАРСАН Ч АВЛИГАЧДЫН ТОО БУУРДАГГҮЙ
Ерөнхийлөгч владимир Путин “Авлигатай тэмцэнэ гэдэг нь цаг хугацаа шаардсан нарийн төвөгтэй ажлын нэг. Гэхдээ авлига хэмээх том асуудалтай нүүр тулгарч, үр үндсээр нь устгаж байх хэрэгтэй. Бидний гол зорилго өнөөдөр эсвэл маргааш үр дүн нь харагдах тийм ялалтад хүрэх бус удаанаар урагшлахад оршино” хэмээсэн. Статистик мэдээнээс харахад 15.5 тэрбум рубль буюу 194 сая ам.долларын авлига авсан нь тогтоогдсон тохиолдолд улсын төсөвт долоон сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүн ордог байна. Зөвхөн өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар ОХУын хэмжээнд 8000 мянган хүн авлига авсан нь тогтоогдсон байна. 2011 онд буюу Дмитрий Медведев Ерөнхийлөгч байх үед ОХУ авлигын эсрэг хуулиа дахин шинэчлэн баталсан юм.
Гэвч тус улсын авлигын индекс буурахгүй байгаа нь хууль үйлчлэхгүй буйг харуулж байна. 2014 онд Ерөнхийлөгч владимир Путин авлигын эсрэг шинэ хуулийн төслийг боловсруулан авлига авсан этгээдийн ял шийтгэлийг нэмэгдүүлсэн юм. Ингэснээр авлигачдын авлига авах арга улам нарийсаж, эд хөрөнгөө өнгөлөн далдлах арга нь боловсронгуй болсон гэж шинжээчид үзэж байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хувийн аюулгүй байдлын хэлтэс “авлигын тогтвортой байдлыг шалгах” гэсэн олон оронд хэрэглэгддэг аргыг нэвтрүүлэх асуудлыг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн онд Оросын Ерөнхийлөгч владимир Путин ДУМ, Засгийн газрын гишүүдийн цалинг нилээд өндөр хэмжээтэй болгож нэмэгдүүлсэн юм. Харин тэрбээр цалинг ийнхүү нэмэгдүүлснээ авлигаас ангид байлгах зорилготой хэмээн мэдэгдэж байлаа.
Эх сурвалж: https://www.themoscowtimes.com/2018/02/22/russia-ranks-135-in-transparency-internationals-world-corruption-index
https://sites.tufts.edu/reinventingpeace/2018/05/21/corruption-in-the-russian-defense-sector/ http://www.interpretermag.com/growing-corruption-in-the-russian-military/