Чамин тансаг дотуур хувцсанд дурладаггүй бүсгүй хүн гэж хаа байхав. Та бид өнгөлөг, хорхой хүргэм дотуур хувцсыг “Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн шоугаар л төсөөлдөг. Гэхдээ хүн бүр нэгэн хэвэнд цутгасан мэт байдаггүй өөр өөрсдийн онцлог, гоо үзэмжтэй. Тиймээс дуучин Рианна өөрийн дотуур хувцасны цуглуулгаа байдаг л өндөр гоолиг загвар өмсөгчдөөр танилцуулсангүй. Нью-Йоркийн загварын долоо хоног дээр Рианнагийн “Фентигийн Х зэрлэгүүд” дотуур хувцасны үзүүлбэр олны анхаарлыг татлаа. Түүний дотуур хувцасны шоу үзүүлбэр орчин үеийн, бүжигтэй, өнгө будаг хосолсон өргөн нарийн, өндөр нам эмэгтэйчүүд холилдсон өвөрмөц болж өнгөрлөө. Мэдээж хэрэг “Викториа Секрет”-ийн сахиусан тэнгэрүүд Жоан Смоллс, Белла, Жижи Хадид нар зочдын нүдийг хужирласан ч бусад загвар өмсөгчид илүүдэл жинтэй, булчинлаг, бие давхар харагдаж байсан юм.
Онцгүй харагдаж байсан уу гэж үү? Яг үнэндээ тийм байгаагүй. Рианнагийн “Ассошейтэд Пресс” агентлагт ярьснаар “шоуг үзэхээр ирсэн хүмүүс төрөл бүрийн бие галбиртай эмэгтэйчүүдийн эрч хүчийг мэдэрсэн байх” гэжээ. Дотуур хувцсыг зөвхөн гоолиг бүсгүйчүүд сурталчлах албагүй. Учир нь бидний бие галбир өөрсдийн гэсэн онцлогтой, түүнд тохирсон дотуур хувцсаа сонгож чадвал тухтай биш гэж үү. Рианнагийн “Фенти Бьюти” гоо сайхны брэнд хувхай цагаанаас хар бор хүртэл бүх төрлийн өнгөтэй арьсанд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнтэй ижил “Фенти Х зэрлэгүүд” дотуур хувцасны брэнд бүх төрлийн бие галбиртай бүсгүйчүүдэд зориулсан гэдгээ шоугаараа харуулж чадсан нь тун ухаалаг сонголт болсон. Харин үзэсгэлэн гоо сахиусан тэнгэрүүдээр сурталчилгаагаа хийдэг “Викториа Секрет” брэндийг сонгодог үнэнч үйлчлүүлэгчид олон ч ойрын жилүүдэд борлуулалт нь буурсаар байгаа юм.
Эх сурвалж: www.qz.com