Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч хэмээн урлагийнханд зүй ёсоор үнэлэгддэг. “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны гранпри шагналтай.
Тэрбээр түүхэн бүтээл судалж “Галдан Бошгот дуулалт жүжиг, “Монголын их хатад” бүжгэн жүжгийн хөгжмийн аялгууг хийсэн нь олноос талархал хүлээсэн юм. 2013 онд тэрбээр Галдан бошгот хааны мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулан “Галдан бошгот” симфони сюит хоёр хэсгээс бүрдсэн цомог гаргаж, 2014 онд төрсөн ах Ардын жүжигчин Б.Мөнхдоржийнхоо найруулсан “Галдан бошгот” дуулалт жүжгийн хөгжмийг бичсэн нь тухайн жилийн шилдэг бүтээлээр шалгарч “Гэгээн муза” хүртэж байв.
Ховд аймгийн театрт толилуулсан энэ бүтээлийн хөгжмийг туурвихын тулд тэрбээр 2006 оноос эхлэн судалгаа хийж, найман жил хөдөлмөрлөсөн байдаг. Бүтээлээсээ давсан зүйл хийх юмсан гэж олон жил тээсэн бодлоо зорилго болгон хэрэгжүүлсэн нь мөн л ахынх нь найруулсан байгаль экологид нүүрлэж буй сүйрлийн тухай хөндсөн “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийн хөгжмийн аялгуунаас харагддаг.
Ийн ах дүү хоёр уран бүтээлийн ганзага хэдэнтээ нийлүүлж, гайхамшигтай бүтээл туурвин түмэнд толилуулсан нь шагналын хур далласан билээ. Мэргэжлээ өвлүүсэн аавынхаа тухай тэрбээр “Аав минь чанга хатуу, шаардлага өндөртэй хүн байлаа. Харин аавын хувьд аав шиг аав байж чадсан. Биднийг нүүрэн дээр минь хэзээ ч магтаж байгаагүй. Хайрлаж байна гээд эрхлүүлээгүй ч бүгдийнх нь хөлийг дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэсэн. Энэ бол хүүхдүүдээ зөв хайрлаж, зөв зүйлд чиглүүлж чадсан аавын минь хайр байсан юм. Уран бүтээлч хүн хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх сонирхолтой байдаг. Аавын минь сэтгэлд тийм бодол нуугдаж байсан” хэмээн дурссан байдаг.
Түүнийг шинэ зүйл байнга эрэлхийдэг зан нь зүгээр суулгадаггүй. Тиймдээ ч судлах ажилд дуртай гэгч нь ханцуй шамладаг. Өнгөрсөн онд Ардын жүжигчин А.Долгорын хүсэлтээр монголын анхны моно дуурь болох “Ганц хүний дуурь” бүтээл туурвижээ. Олонд дэлгэлгүй үүцэлсэн нь ч учиртай аж. Халх голын дайны сэдэвтэй бүтээл тул 2019 онд Халх голын 90 жилийн ойгоор толилуулахаар “хав дарсан нь” энэ. Мөн казах ардын дуунаас сэдэвлэсэн “Уран сэтгэмж” бүтээлээ Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар-2018” хөгжмийн наадамд сойх гэнэ. Язгуур урлаг болох үндэснийх нь домбор хөгжимтэй төгөлдөр хуурын аялгууг хослуулах энэхүү өвөрмөц бүтээлийн анхны сонсогч нь үзэгчид. Сонгодог хөгжмийн ертөнцөд өөрийн мөрөө тод гаргаж яваа Б.Мөнхболдын шинэ бүтээлүүд эгшиглэхээр шил шилээ дарах нь ээ.