АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хилийн дагуу хана барих 5,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахын тулд улс орон даяар онцгой байдал зарлаж цэрэг арми, гамшгийн үед зарцуулах сангийн мөнгөнд хуруу дүрэхээ мэдэгдсэн.
Калифорн тэргүүтэй 16 мужийн эвсэл энэ шийдвэрийг эсэргүүцэж Ерөнхийлөгч Трампын ажлын албаны эсрэг шүүхэд хандахаар болжээ. Уг хэргийг Калифорнийн Умард дүүргийн шүүхэд авч хэлэлцэх юм байна.
Колорадо, Коннектикут, Делавэр, Хавай, Иллинойс, Мэйн, Мэрилэнд, Миннесота, Невада, Нью Жерси, Нью Мексико, Нью-Йорк, Орегон, Виржиниа, Мичиган зэрэг мужууд нэгджээ.
Мужийн төлөөлөгчид шүүхэд хандсанаар Трампыг Үндсэн хууль зөрчиж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг урвуулан ашиглахад саад болох зорилготой гэж Калифорн мужийн Ерөнхий прокурор Шавиер Бекерра хэлжээ.
Өөрөөр хэлбэл эдгээр 16 мужид оршин суудаг татвар төлөгчдийн мөнгийг дээрэмдэж байна гэж буруутгалаа. Улсын сангийн мөнгийг дэмий зүйлд зарцуулснаар эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Трампын цагаачдаас сэргийлэх хана барих төлөвлөгөөг Конгрессийн танхимд түдгэлзүүлсний дараа онц байдал зарлахаар шийдсэн нь Ардчилсан намынхан төдийгүй Бүгд Найрамдах намын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн.
Түүнчлэн “Олон нийт, иргэд” байгаль орчныг хамгаалах бүлэг хана барих ажлыг эсэргүүцсэн бол Техас мужийн гурван газар эзэмшигч Трампын төлөвлөсөн хана өмчид нь халдана гэдгийг мэдэгджээ.
Калифорн мужийн захирагч Гавин Ньюсон Ерөнхийлөгчийн шийдвэрийг “улс төржүүлсэн театрын жүжиг” хэмээн шүүмжлээд байгаа юм. Харин Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летитиа Жэймс Трампын төлөвлөгөөний эсрэг байж болох хуулийн бүхий л аргаар тэмцэнэ гэлээ.
Харин Ерөнхийлөгч Трамп энэ бүхэнд бэлтгэлтэй байсан тул бүх зүйлийг хуулийн дагуу төлөвлөсөн гэж мэдэгдсэн байна. “Манай улсын өмнөд хилд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсээд байна. Хүн бүхэн хилийн дагуу хана баривал үр дүнтэй гэдгийг мэдэж байгаа” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com