МАН-ын хяналтын хорооноос "намын дүрмийг зөрчсөн" гэж үзэн НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын санал авч, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байсан М.Мөнхчулуун нарыг намаасаа хассан байна.
МАН-ын Хяналтын хороог төлөөлж тус хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр: МАН-ын хяналтын хорооноос намын дүрмийг зөрчсөн гэж үзэн намын гишүүн Ц.Сандуй, М.Мөнхчулуун нарыг гишүүнчлэлээсээ хассан.
МАН-ын дүрмийн зохицуулалтаар бол хэн нэгнийг намаас хөөх тухай асуудал ярьдаггүй, намаас гарсанд тооцох тухай асуудлыг шийдвэрлэдэг. МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр гишүүнээс гарсанд тооцсон бол тухайн хүн МАН-ын гишүүн биш.
Ц.Сандуйгийн тухайд МАН-ын дүрмийн 3 дугаар зүйлд зааснаар намын дүрмийг зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тул гишүүнчлэлээс хассугай гэсэн шийдвэр гаргасан.
Мөн С.Мөнхчулууныг намын дүрмийг чанд сахин биелүүлээгүй, намын эв нэгдлийг хамгаалаагүй, намын нэрийн өмнөөс нэр дэвшин сонгогдсон гишүүн аливаа нөлөөнд автахгүй байх дүрмийг зөрчсөн, намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, намын Удирдах зөвлөл болон бусад шийдвэрийг дагаж мөрдөх журмыг дагаагүй тул намаас гарсанд тооцлоо.
Эдгээр шийдвэрийг МАН-ын нийслэлийн хяналтын ерөнхий хороонд хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Хяналтын хорооны дарга н.Сайнбуянд даалгасан тухай тогтоол гаргасан.
- Нийслэлийн Засаг даргад өрсөлдөн ялалт байгуулсан С.Мөнхчулуун дахин санал хураалтад оролцоно, нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдээд байгаа?
- МАН-ын дүрмийн 4-ын 4-т зааснаар тухайн хүн намаас гарсан тохиолдолд улс төрийн ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй. Уг хүн дараагийн улс төрийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх эсэх нь өөрийнх нь хувийн асуудал гэлээ.