Хятадын технологийн тэргүүлэх компани Huawei-н гаргасан 5G утасгүй интернэт сүлжээг худалдаж авахаар хэд хэдэн Засгийн газар гэрээ хийсэн байсан ч АНУ сэрэмжлүүлснээр зарим орнууд гэрээгээ цуцлах хүртэл нөхцөл байдал үүсээд байгаа. Америкчууд Huawei бол Хятадын Засгийн газрын санхүүжилттэй, тагнуулын хэрэгсэл гэж үзсэн.
Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард Huawei компанийг үүсгэн байгуулагч Рэн Жэнфэйний охин, гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг Канад улсын Засгийн газартай хамтран баривчлан саатуулсан юм. Санхүү эрхэлсэн дэд захирал Мэнг Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчсөн гэж буруутган хэргийг нь Канадаас Америк руу шилжүүлэхээр ажиллаж байгаа. Вашингтоны зүгээс Huawei болон Мэн хатагтайн эсрэг мөнгө угаасан, худалдааны нууц мэдээллийг хулгайлсан зэрэг олон тооны хэрэг үүсгэж байна.
Энэ бүхний дараа Huawei компанийг үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй BBC агентлагт ярилцлага өгч “АНУ биднийг үгүй хийх ямар ч боломжгүй” гэж хэлсэн байна. Ноён Рэн охиноо баривчлагдсанаас хойш анх удаа олон улсын мэдээллийн агентлагт ам нээн ярилцжээ.
Рэн Жэнфэй: Бид илүү хөгжсөн учраас дэлхий биднийг орхиж чадахгүй. Америкчууд манай технологийг нэвтрүүлэхгүй байхыг бусад орнуудад хичнээн ятгасан ч зогсолтгүй урагшилж чадах уян хатан бодлого баримтална.
Өрнөдөд нар жаргасан ч дорнодод манддаг
Америкаас гадна Австрали, Шинэ Зеланд улсууд Huawei-н 5G технологиос хэдий нь татгалзсан бол Их Британи, Канад улсын Засгийн газар энэ талаар хэлэлцэж байна.
Рэн Жэнфэй: Өрнөдөд нар жаргасан ч дорнодод манддаг. Умардад гэрэл бөхөж болох ч өмнөдөд гэрэл тусна. Америк дэлхийг төлөөлөхгүй, ердөө нэг хэсэг нь л юм шүү дээ.
Рэн Жэнфэйний охин Мэн Ванжоугийн эсрэг Вашингтоны Засгийн газар 23 төрлийн хэрэг үүсгээд байгаа. Канадын Засгийн газар батлан даалтанд сулласан ч 24 цагийн турш хатуу хяналтад үлдсэн. Энэ хэргийн дараа Хятадын Засгийн газар Канадын гурван ч иргэнийг баривчлан саатуулсан юм.
Рэн Жэнфэй: Юуны түрүүнд АНУ ийм хэрэг өдөөсөнд ундууцал төрж байна. Улс төрийн зорилготой үйлдэл бол байж боломгүй зүйл. Миний охины эсрэг хэрэг тулгасныг хүлээн зөшөөрөхгүй.
Huawei хэзээ ч тагнан турших үйл ажиллагаа явуулахгүй
Хатагтай Мэн Ванжоу болон Huawei компанийн зүгээс Америкийн тулгасан хэргүүдийг эрс үгүйсгэж, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм.
Рэн Жэнфэй: Хятадын Засгийн газар арын хаалга үлдээхгүй гэдгээ хэдийн тодорхой хэлсэн. Бид ч мөн нууц гарц бий болгохгүй. Хэрэв тэгвэл улс орон төдийгүй дэлхий даяар хэрэглэгчид биднээс татгалзах эрсдэлтэй. Манай компани хэзээ ч тагнан турших үйл ажиллагаа явуулахгүй. Хэрэв ганц л удаа тийм зүйл илэрвэл бид компанийн үйл ажиллагааг зогсооно.
Эх сурвалж: www.bbc.com