Багануурын уурхай өдгөө “Алтайн гянт” ХХК-тай шүүхдэлцэж байна. “Багануур” ХК үлэмж хэмжээний нөөцтэй талбайгаа алдсан гэж үзэж байгаа юм.
Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийг орвонгоор нь эргүүлсэн Эрдэнэтийн 49 хувийг авсан хуйвалдаан нэг тийш шийдэгдээгүй байна. УИХ-аар нээлттэй шийдвэрлэх ёстой байсан шийдвэр Засгийн газрын хуралдаанаар нууцаар ороод, хувийн компанид шилжчихсэн.
Гуя дагаж хүзүү гэсэн ойлголт монголчуудад бий. Үүнийг санагдуулам зүйл болсон нь Эрдэнэттэй хамт Монголросцветмет нэгдлийн 49 хувийг хамтад нь тавиад туучихсан байгаа. Энэ бүхэн нэг бүлэглэлийн гарт ороод байна.
Шударга ёс гэж нийгэм даяар ярьж, хүлээж байна. Шударга ёс хаана байна вэ?
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монголросцветмет нэгдлийн мөн 49 хувь, Багануурын уурхайн 469 сая тонны нөөцтэй хэсгийг 1988 онд төрсөн, өдгөө 31 нас ч хүрээгүй залуу эзэмшдэг гэдгийг та мэдэх үү? Тэр энэ бүхний эзэн суух үедээ 28 настай байсан болж таардаг. Түүний тухай гурван жилийн өмнөөс зарим хэвлэлд “Монголын хамгийн залуу долларын тэрбумтан” хэмээн бичиж байлаа.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-ны бүлэглэл 400 сая ам.доллараар авсныг та бүхэн мэдэж байгаа. Тус үйлдвэрийн нөөц багадаа 30 жилээр хэмжигдэнэ гэхээр залуу тэрбумтны хөрөнгө жилээс жилд өснө үү гэхээс буурахгүй. Мөн түүний мэдэлд Монголросцветметийн 49 хувь байгаа. Тус нэгдлийн эзэмшилд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүд багтдаг. Тэгэхээр хэдий хэр хөрөнгөнд суусан гэдэг нь танд амархан ойлгогдоно.
Яахаараа ийм залуугаараа тэрбум болдог байнаа гэж уншигч та гайхаж магадгүй. 1988 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн Цоожийн Пүрэвтүвшин гэж залуу бол ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэгийн “хүүхэлдэй” юм. ХХБ-ны бүлэглэл энэ залууг тоглоомын “хүүхэлдэй”-ээр тавьсан ба бүхий л бизнесийн булхайнхаа урд энэ залууг тавьж байна.
Ц.Пүрэвтүвшин нь саяхан нэр дээр нь байдаг Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп Пти” компани руугаа өөрийн бүх хувьцаагаа шилжүүлэх гэж байгаад Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдээр тас татуулсан. Зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө Монгол улсын Засгийн газар Ц.Пүрэвтүвшингийн нэр дээр байгаа Эрдэнэтийн 49 хувийг хурааж авах үндэслэл болж болно.
ХХБ-ны бүлэглэл шүүх засаглалд ихээхэн нөлөөтэй гэгддэг. Тэд Эрдэнэтийн 49 хувийг шүүх дээр аваад байгаа боловч, Монгол улсын Засгийн газар одоогоор нэр дээр нь шилжүүлж өгөөгүй, одоохондоо тус үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа юм.
Шүүхэд ихээхэн нөлөөтэйг нь харуулах нэгэн баримт бол Эрдэнэт болон Багануурын уурхайтай холбоотой шүүхийн маргаан явж явж нэг шүүгчид очдог явдал юм.
“М.Батзориг шүүгчид санамсаргүй таарчихдаг” гэж зарим нь хошигнож байгаа харагддаг. “Монголиан коппер корпорейшн” Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэл 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр гаргасныг Захиргааны шүүхээс бүхэлд нь хүлээж авсан шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг гаргаж байжээ.
Гэтэл “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануурын орд газрын лиценз сэргээх тухай АМГ-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан боловч, шүүгч М.Батзориг 2016 оны аравдугаар сард бүтэн дөрвөн жилийн дараа сэргээсэн байх юм. Хуулиараа шийдэрээс хойш 30 хоногийн дараа асуудлыг нэгмөр хаасан байх ёстой аж.
“Монголиан коппер корпорейшн” ХХК ямартаа ч монголын шүүх дээр ялаад байгаа. Шүүх дээр ялах нь тэдний хувьд асуудал биш гэдгийг дээр жишээлсэн. Иймээс одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шахаж байгаад Эрдэнэтийн 49 хувиа компанийхаа нэр дээр бүртгүүлж авах нь тэдний нэн тэргүүний зорилт болоод байна.
Засгийн газар Салхитын мөнгөний ордын лицензийг Г.Занданшатарыг томилон явуулж, булаан авсан. Мөн Монголросцветмет нэгдэлд байсан Асгатын мөнгөний лицензийг шилжүүлэн авсан. Ц.Пүрэвтүвшин нарт энэ нь том цохилт болсон нь гарцаагүй. Иймд тэд Сингапур дахь компани руугаа бүх хувьцаагаа шилжүүлэх гэж байгаад баригдсан. Хэрэв шилжүүлж чадсан бол бүхий л маргаан олон улсын шүүх дээр үргэлжилж, Монгол улсын Засгийн газар хүнд байдалд орох байсан.
Дүгнээд хэлэхэд, одоо Ц.Пүрэвтүвшин нарт Ерөнхий сайдыг шахах, улмаар Эрдэнэтийн 49 хувийг нэр дээрээ болгож, айдгаа авдартаа хийх, Багануурын маргаан дээр ялах, цаашлаад хувьцаагаа гадагш нь гаргах гээд хийх ажил их байна.
Иймд энэ бүхнийг Засгийн газар тас цохин, Эрдэнэт, Монголросцветметийн 49 хувь, Багануураа ХХБ-ны бүлэглэлээс буцаан авбал монголын ард түмэн У.Хүрэлсүхийн гавьяаг мөнхөлж, хөшөө босгох нь гарцаагүй юм.