Жил бүрийн хоёрдугаар сар Япон улсад хамгийн хүйтэн байдаг. Хаврын эхэн сар буюу билгийн тооллоор урин дулаан наашилж буй энэ үед Япон эрчүүд хагас нүцгэлж өвөрмөц нэгэн баярыг тэмдэглэдэг.
Энэ баярыг Хадака Мацури буюу Нүцгэн эрчүүдийн баяр хэмээн нэрийдэж таван зууны тэртээгээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил япончууд 510 дахь удаагаа Хадака Мацуриг тэмдэглэжээ.
Нүцгэн биеийнхээ бүсэлхийнээс доод хэсэгт цагаан даавуу ороосон эрчүүд таби буюу Японы уламжлалт шаахай өмсөн баярт оролцдог. Энэ жилийн баярт 10,000 гаруй эрэгтэй оролцжээ.
Тэд жилийн хамгийн хүйтэн улиралд сакэ ууж биеэ дулаацуулан, мөстэй хүйтэн усанд орж сэтгэл санаагаа ариусган шөнө болоход Сайдайжийн сүмд цугладаг. Сүмийн хамба азын хоёр савхыг дөрвөн метрийн зайнаас нүцгэн эрчүүд рүү шиддэг байна.
20 см урт, шинги хэмээх азын савхыг бусдаасаа түрүүлж олсон хоёр хүн сүмээс гарч, тэр жилдээ хамгийн их аз хийморьтой байна гэж үздэг. Ороцогчдоос гадна аялагч жуулчид өвөрмөц уламжлалтай баярыг үзэхээр хэдэн мянгаараа зорин ирдэг ажээ.
Нүцгэн эрчүүд бүсэлхийгээрээ ороосон даавууны дотор талд нэр хаяг, утасны дугаар, цусны бүлгээ заавал бичих ёстой. Учир нь хэт олуулаа нэг дор шахцалдсанаас биеийн байдал нь муудах, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com