Америк-Мексикийн хил дээр цагаачдаас хамгаалах хана босгох 5,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авахын тулд Дональд Трамп онц байдал зарлахаа мэдэгдсэн.
Уг мэдэгдлийн үеэр сэтгүүлч сурвалжлагчдыг гайхшруулсан өөр нэг зүйл бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Америкийн Ерөнхийлөгчийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж буй явдал байсан юм.
Трамп хэлэхдээ “Япон улсын Ерөнхий сайд Абэ надад хамгийн сайхан захидлын хуулбарыг илгээсэн. Энэ захидалд Абэ Япон улсын нэрийн өмнөөс намайг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн гэж бичсэн байсан. Маш их баярлалаа гэж би хариулсан. Магадгүй би хэзээ ч энэ шагналыг авч чадахгүй байх, гэхдээ зүгээр дээ” гэжээ.
Японы “Асахи Шимбун” сонинд бичсэнээр Абэ Цагаан ордны хүсэлтээр Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн. Өнгөрсөн зун Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзсаны дараа Цагаан ордон хүсэлтээ Японы Засгийн газарт илэрхийлсэн гэсэн юм.
АНУ-ын түүхэнд дөрвөн Ерөнхийлөгч Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Теодор Рузвельт, Вудро Вильсон, Жимми Картер болон Барак Обама нар уг нэр хүндтэй шагналын эзэд болсон юм.
Эх сурвалж: www.qz.com