Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн нь асуудал дагуулж магадгүй байгаа. Гэсэн ч дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгээ аль хэдийнэ ярьж эхэлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 8-ны өдөр У.Хүрэлсүх, М.Энхболд, Сү.Батболд, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар бас зарим нэг томоохон албан тушаалтан Булганы Хишиг-Өндөр суманд очиж тохироо хийсэн байдаг.
Энэ үеэр ярьсан зүйлүүдийн нэг нь ЗТХ-ийн дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдгийг ярилцсан байна. Ийн Булган руу явахын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр нэгэн гишүүний нэрийг бариад Ерөнхийлөгч Х.Баттулга руу орсон байна. Хуулиараа Ерөнхий сайд танхимынхаа сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид танилцуулан санал авах ёстой юм. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг ЗТХЯ-нд онцгой анхаарал хандуулдаг гэдгийг улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр утгаараа Ерөнхийлөгчийн дэмжлэг шинэ сайдыг тодруулахад бас л онцгой үүрэгтэй гэсэн үг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлсэн эрхэм нь УИХ-д гурван удаа сонгогдсон, Байнгын хорооны дарга, сайдаар ажиллаж үзсэн, насны хувьд УИХ-даа залуу гишүүдийн тоонд орчихдог гишүүн юм байна. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхгүй гээд буцаажээ.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс ЗТХ-ийн дараагийн сайдад улстөрч биш, нэр алдар нь төдийлөн мандаж яваагүй нэгэн эрхмийг Ерөнхий сайдад санал болгосон байна.
Ингээд “хана мөргөсөн” Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг тодруулах, бас цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэхээр намынхнаа дагуулан Булганыг зорьсон нь тэр аж. Гэсэн хэдий ч Булганд очоод сайдын асуудлыг эцэслэж чадаагүй байна.
Уг нь ЗХТ-ийн сайдад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар зүтгэсэн ч Д.Хаянхярвааг 33-ын бүлэг, Я.Содбаатарыг 32-ын бүлгийнхэн эсэргүүцсэн байна.
Тиймээс У.Хүрэлсүх дундын хувилбар болгон нэг гишүүнийг нэр дэвшигчээр тодруулсан байдаг юм.
Дашрамд хэлэхэд сүүлийн үед сүрхий нөхөрлөх болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга М.Энхболд хоёрыг ойртуулсан зуучлагч нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажээ. Тэдний экс Ерөнхийлөгчөөр зуучлуулан хийж буй томоохон уулзалтын хоёр дахь нь энэхүү Булганд хийсэн уулзалт юм байна.
Б.Дамдин-Очир