KFC сүлжээ хоолны газарт хийсэн шинжилгээний хариу гарчээ
НМХГ: Өнөөдрийн байдлаар нийтдээ эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 247 хүн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 42 хүн байна. ХӨСҮТ, манай лабораторийн /НМХГ-ийн лаборатори/шинжилгээ, хүмүүсийн клиник шинж тэмдэг зэргээс үзвэл шигелла СПП төрлийн нян илэрсэн. Ундны усанд бичил биет байх ёстой хэмжээнээс 2,5 дахин их гарсан. Мөн ундаанаас илэрсэн. Хоёр ажилтнаас илэрсэн. Дотоодын хяналт хангалтгүйгээс болж хоол хүнсээр дамжин халдварласан хоолны халдварт өвчин болох нь тогтоогдлоо.
Дээрх хоёр ажилтнаас гэдэсний өвчин илэрсэн ч түүнийгээ нууж, хуурамч бичиг хийлгэн ажилд орсон байна. Мөн өвчилсөн болохоо өөрөө мэдээгүй байна. Улмаар тус газрын ахуйн хэрэгцээнд ашигладаг худгийн уснаас өвчин үүсгэгч нян илэрсэн тул үйл ажиллагааг нь хаах шийдвэр гаргажээ. "Зайсан" салбар төвлөрсөн усан хангамжгүй, хэсгийн усан хангамжтай газар.
KFC сүлжээ Монголд нийт 11 салбартай. Зайсан салбарт ажиллаж байсан хоёр хүнээс тухайн өвчний үүсгэгч илэрсэн болохыг хэлсэн. Тухайн хоёр хүн нян тээгч байсан уу, тухайн цочмог халдварт өвчнөөр шинээр өвчилсөн хүн байсан уу гэдгийг шалгаж байна. Зайсан салбар 2016 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Дээрх хоёр нян тээгч ажилтан KFC сүлжээнд зургаан жил ажилласан хүмүүс.
KFC "Зайсан" салбар 2018 онд ундны усны шинжилгээг МХЕГ-ын лабораторид өгч, цэвэр гэдэг нь батлагдсан. Түүнээс хойш нян халдсан байх магадлалтай.
2019 оны 02 сарын 12-ны өдрийн 20:30 минутаас 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 07:00 цаг хүртэл НМХГ шуурхай байдлаар ажиллалаа. 133 төрлийн дээжийг авч шинжиллээ. Нийт ирсэн дээжний 9 хувь буюу 6,7 хувь нь эерэг гарсан.
Тахианы маханд нян илэрсэн ч зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Бид зөрчил хянан шийдвэрлэх хуулийн дагуу ажилласан. Шалгалтын явцад бусад салбарт зөрчил байгаа учраас урьдчилан сэргийлэх шалгалтыг өнөөдрөөс эхлэн хийж байна. Бусад салбар хэвийн ажиллаж байна гэжээ. Гэтэл өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал дээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун KFC-ийн бүх салбарыг хаана гэж мэдээлэл өгсөн билээ.