Өчигдөр орой Тайланд улсын Бангкок хотноо холимог тулааны One Championship тулаанд Монголын шилдэг тулаанч Ц.Амарсанаа Тайландын Шаннон Виратчайтай тулалдлаа. Ц.Амарсанаагийн хувьд "Ширэн Бээлий" клубт харьяалагддаг бөгөөд түүний өрсөлдөгч "Бангкок Файт Лаб" клубт харьяалагддаг шилдэг тулаанч юм. Жүдо суурьтай Тайланд тулаанч 12 тулаанд орж 9 ялалттай явж байна.
"MGL-1 Fighting Championship"-ийн 70 кг-ийн жингийн аварга Ц.Амарсанаа Тайландын үндэсний бахархал болсон Шаннон Виратчайг нутаг дээр нь илт илүүрхэн хожлоо. Мэдээж нутгийн дэвжээ гэдэг утгаараа Тайланд залууд давуу талтай байсан хэдий ч Ц.Амарсанаа маш сайхан тулааныг үзүүллээ. Таван минутаар гурван үе тулалдсан тэд эхний үед хэн хэнийгээ тандсан тактикийн тулаан болж өндөрлөлөө. Харин хоёрдугаар үе дээр Ц.Амарсанаа санаачлагыг гартаа авч хэд хэдэн аюултай довтолгооныг хийж эхэлсэн юм. Ц.Амарсанаагийн баруун хөл байндаа оновчтой тусч байлаа. Гурван үеийн дараа бүх шүүгчдийн саналаар Монгол залууг ялсныг зарлалаа.