Тээврийн цагдаагийн албаны долоо хоногийн дүн мэдээ гарчээ. Өнгөрөгч долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага ирсэн аж.
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Тэр дундаа дийлэнх хувь нь 0-14 хүртэлх насны буюу харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон насны хүүхдүүд осолд ихээр өртөж байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
1. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хөх хад” гэх газар шороон замд улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 39 настай эрэгтэй М-н амь нас хохирсон,
2. СХД-ийн нутаг Их нарангийн замд H.Aerocity маркийн автобусны жолооч нь явган зорчигч 5 настай Д, 7 настай Т нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн ослуудыг шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар буурсан боловч гэмтсэн хүний тоо 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.