Америк, Хятадын худалдааны дайн эхэлж Вашингтоны зүгээс Бээжин дэх хамгийн том технологийн компанийн эсрэг арга хэмжээ авсан ч “Huawei” дарамт шахалт, эсэргүүцэл дунд хэрхэн хөгжин цэцэглэж болдгийг харуулж байна.
Хятад бол гар утасны хамгийн том зах зээл. Энэ зах зээлд амжилт гаргаж чадвал та ашиг орлогынхоо ихэнхийг бүрдүүлж чадлаа гэсэн үг. Тэгвэл 2018 оны сүүлийн гурван сарын худалдааны тайланг танилцуулахад “Huawei” компанийн үйлдвэрлэсэн ухаалаг гар утасны борлуулалт 20 хувиар нэмэгджээ.
Харин “Apple” компанийн үйлдвэрлэдэг iPhone гар утасны борлуулалт Хятадын зах зээлд 20 хувиар буурсан байна. Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Хятадад 30 сая Huawei гар утас зарагдсан нь iPhone-ын борлуулалтаас гурав дахин их байжээ.
Хятадын гар утасны зах зээлийн 29,8 хувийг Huawei компани дангаараа бүрдүүлж байна.
Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэлээ. Нэгдүгээрт Америк-Хятадын худалдааны дайны үр дүн. Худалдааны дайн хурцадсанаар Хятадын хэрэглэгчид эх оронч сэтгэлгээгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эхэлсэн байна. Зарим компаниуд ажилчдадаа Huawei гар утас худалдаж авахыг санал болгожээ.
Хоёрдугаарт Huawei гар утаснууд iPhone-оос үнийн хувьд хамаагүй хямд. Энэ нь худалдан авагчдыг сонголтоо хийхэд маш том нөлөө үзүүлж байна гэж үзжээ. Гуравдугаарт, мэдээж хэрэглэгчдийн хүсдэг өндөр технологи. Huawei гар утасны камер, хэлбэр загвар худалдан авагчдаас өндөр үнэлгээ авдаг.
Хятадын технологийн тэргүүлэх компанийн гаргасан 5G утасгүй интернэт сүлжээг Америкийн зүгээс тагнуулын арга хэрэгсэл гэж үзэн хэрэглэхгүй байхыг дэлхийн улс орнуудад уриалсаар байгаа юм. Тус компанийн дэд захирал Мэн Ванжоуг хууль зөрчсөн гэж үзэн Канад улсад саатуулж, хэргийг нь Вашингтонд шилжүүлэх хүсэлтэй. Гэсэн ч Huawei ирэх жил гэхэд “Samsung”-ыг ардаа орхиж Хятадын төдийгүй дэлхийн хамгийн том гар утас, интернэт сүлжээний компани болохоор ажиллаж байна.
Эх сурвалж: www.cnn.com