Менингит өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй. Жилийн яг энэ улиралд менингококкт халдвар гарах эрсдэл бий болдог. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.
Нэгдүгээрт, хүйтний улиралд гарсан амьсгалын замын дэгдэлтүүдийн дараа суурь эрсдэлт хүчин зүйлүүд бий болж араас нь менингоккокт халдвар гардаг. Сүүлийн жилүүдийн ажиглалтын мэдээлэлд үндэслэн нэгдүгээр сарын сүүлчээс тавдугаар сар хүртэлх хугацааг менингококкт халдвар гарах хандлагатай байдаг. Ер нь бол жилд дунджаар 10 менингококкт халдварын тохиолдол бүртгэгддэг.
Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд арванхоёрдугаар сарын сүүлчээс бэлэн байдлаа хангаж, эмч эмнэлгийн ажилтнуудаа сургаж эхэлдэг.
Хоёрдугаарт, өвчний эх уурхай нь нян тээгч, өвчтэй хүн байдаг. Тиймээс эхлээд өвчний эх уурхайд чиглэсэн, дараа нь дамжих замд чиглэгдсэн, гуравдугаарт өртөмхий бие махбодид чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг.
Урьдчилан сэргийлэх олон үр дүнтэй аргуудын нэг нь хоолой зайлах. Хоолой зайлах уусмалыг өөрөө бэлтгэж чадахгүй бол өрхийн эмчээс болон утсаар мэргэжлийн эмчээс зөвөлгөө авч болно.
ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дархлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.