Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.
Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ.
Нийслэлийн Амгалан амаржих газраас БНСУ-ын “RF Medical” төвтэй хамтарсан сургалтыг 2018 онд тус амаржих газарт хоёр удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус, тус сургасан байна.
Тус эмчилгээ нь умайн дотор талын салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэн салст давхаргыг некроз (үхжил) болгон цус алдалтыг зогсоож байгаа юм. Тиймээс умайн эмгэг цус алдалт /ойр, ойрхон олон дахин цус алдаж байгаа, даавар эмчилгээнд үр дүнгүй/, умайн салстын эмгэг зузааралтай, умай авахуулах хүсэлгүй, гэр бүл төлөвлөлтийн хувьд цаашид хүүхэд төрүүлэхээр төлөвлөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой эмчилгээ юм.
Харин биеийн байдал хүнд, судасны бөглөрөлтэй, эрхтэн тогтолцооны хурц үрэвсэлтэй, кесар мэс заслаас хойш дөрвөн жилийн дотор, умайн хөндий рүү түрж ургасан салстын доорх хоргүй хавдрын зангилаатай, умайн гаж хөгжилтэй, умайн салстын хорт хавдар салст давхаргын түвшнээс хальсан, цаашид хүүхэд төрүүлэх хүсэлтэй зэрэг тохиолдолд уг эмчилгээг хийхгүй аж.
Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, эмнэлгийн ор хоног богино, өвчтний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд нийслэлийн Амгалан амаржих газраас цаашид уг эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэжээ.