АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эмч Шон Конлигийн хэлснээр 72 настай төрийн тэргүүн илүүдэл жинтэй ч эрүүл мэндийн байдал нь тун сайн байгаа гэжээ. Ерөнхийлөгчийн өнгөрсөн долоо хоногт өгсөн эрүүл мэндийн шинжилгээний хариу гарсан байна.
Трампын өвчний түүхэнд тэмдэглэснээр цусан дахь холестерины хэмжээ бууруулах эмийг хэт өндөр тунгаар хэрэглэжээ. Тодруулбал 10 мг-ын тунгаар уудаг байсан бол 40 мг болж нэмэгдсэн байна. 2018 онд өгсөн шинжилгээгээр Трампын жин 105 кг байсан бол өнгөрсөн долоо хоногийн шинжилгээгээр таван кг нэмж 110 кг болсон байна. Эмч мэргэжилтнүүд энэ тоог илүүдэл жин гэж үзээд байгаа юм.
Дональд Трамп зүрх судасны өвчтэй тул хамгийн багадаа таван кг жин хасахыг эмч нар сануулж байжээ. Метр 90 см өндөртэй Ерөнхийлөгч түргэн хоол, содаг байнга хэрэглэдэг тул эрүүл мэндийн байдлынх нь талаар хэвлэлийнхэн сонирхсоор ирсэн юм.
Азаар тэрээр согтууруулах ундаа, тамхи огт хэрэглэдэггүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх кампанит ажлынхаа үеэр “урьд өмнө нь сонгогдож байгаагүй хамгийн эрүүл удирдагч” гэсэн захидал танилцуулж байсан ч дараа нь уг захидлыг өөрөө бичсэн болох нь тогтоогдож байсан юм.
Дональд Трамп онц байдал зарлана гэлээ
Трампын эрүүл мэндийн шинжилгээний хариу гарахын өмнөхөн улс орон даяар онц байдал зарлана хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд онц байдал зарласнаар Америк-Мексикийн хилийн дагуу хана барихад шаардлагатай 5,7 тэрбум ам.долларыг батлан хамгаалах болон гамшгийн сангаас гаргуулах боломжтой болно.
Засгийн газрын түр зогсолтыг дуусгахын тулд 1,3 тэрбум ам.долларын төсөв бүхий Аюулгүй байдлын хэлэлцээр хийсэн ч энэ мөнгөөр цагаачдаас хамгаалах хана босгож хүрэхгүй. Тиймээс Трамп сонгогчдодоо өгсөн амлалтдаа хүрэхийн тулд онц байдал зарлахаа мэдэгдлээ. Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох кампанит ажлын хамгийн гол амлалт нь цагаачдаас сэргийлсэн хилийн дагуу хана барих байсан юм.
АНУ-ын хуулинд зааснаар аливаа хямралын үед төрийн тэргүүн онц байдал зарлах бүрэн эрхтэй. Онц байдал зарласан тохиолдолд цэрэг арми, гамшгийн эрсдлээс хамгаалах сангийн мөнгийг шилжүүлэх мэдэлтэй болно гэж харж байна. Трампын хүсээд буй 5,7 тэрбум ам.долларын төсвийг Цагаан ордонд хэлэлцэхэд Конгрессын танхимаар батлуулах шаардлагатай. Конгрессын танхимд олонхийн суудалтай Ардчилсан намын гишүүд саналыг батлахаас эрс татгалзсаар байгаа юм.
Ардчилсан намынхан Трампын онц байдал зарлана гэсэн мэдэгдлийг хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж зэмлээд байна. Ажиглагчдын харж байгаагаар хэрэв Ерөнхийлөгч санасандаа хүрэхийн тулд онц байдал зарлавал Бүгд Найрамдах намын зарим гишүүд ч эсэргүүцэж эхэлнэ.
Эх сурвалж: www.bbc.com