Б.Мөнхзул
“Мичинокү” дэвжээний бөх Кирибаяма буюу Б.Лхагвасүрэнг Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос “Жюүрёо” зиндаанд дэвшсэнийг албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн хацү башёд макүүшитагийн барууны нэгээс барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрвөн даваа авч качигоши хийснээр цолтнуудын эгнээнд багтаж байгаа юм. Б.Лхагвасүрэн анх үндэсний бөх, жүдогоор хичээллэж байжээ. Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад хоёр жил дараалан зургадугаар байрт шалгарч байсан тэрбээр мэргэжлийн сүмод элссэнээс хойш 23 башё барилдаж цолтой боллоо. 1995 оны нэгдүгээр сард дэвшсэн Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 24 жилийн дотор Монголоос 34 цолтой сүмоч төрөн гарчээ. Жилд нэгээс олон сэкитори гардаг гэсэн үг. Цолтны эгнээнд багтсан Кирибаяма “Хакүхо, Харүмафүжи, Какүрюү аваргууд шиг болохыг хүсдэг. Мавашины барьц авахад хэнд ч чадлаар ялагдахгүй их аварга Чиёонофүжигийн барилдаан надад их таалагддаг” хэмээн ярьжээ. Харин түүний багш нь шавиа “Кирибаяма их зөөлөн зантай” гэж магтсан байна.
Тэрбээр тохойны хүнд гэмтлээр барилдаж чадахгүй байх үедээ уйлж байсан ч удаатай гэнэ. Сүмод анх орж байхад багш нь “Сэкитори болтлоо Монголд харихгүй гэж андгай тангараг тавих уу” гэхэд нь “За” гэж хариулаад харамсч байсан аж. Ингээд дөрвөн жилийн турш цол аваагүй учраас эх орондоо ирээгүй тэрбээр эхний даалгавраа амжилттай биелүүлсэн тул гэртээ харих эрхтэй болжээ. Өнгөрсөн оны сүүлийн тэмцээн болох кюүшюү башёд барууны 12-т эрэмбэлэгдэж зургаа давсан тэрбээр шинэ оны анхны башёд тавиас дээш хувийн амжилт үзүүлснээр удтал хүлээсэн сэкитори болж чадлаа. Түүний хувьд “Мичинокү” дэвжээнээс 2008 оны Кириновакагаас хойш төрж байгаа анхны сэкитори. 2011 оны тавдугаар сараас хойш цолтой бөхгүй байсан дэвжээг ийнхүү монгол залуу сэргээж эхэллээ. Кирибаяма багшдаа амлалтаа биелүүлсэн тул уржигдар эх орондоо ирсэн байна. Гэхдээ дөрөв хоногийн хугацаатай. Цолтой бөх болсноо ээждээ дуулгахад ээж нь уйлсан гэнэ. Учир нь, хүүгээ эх орондоо ирэх нь хэмээн баярласан тэр аж. “Ээждээ Японоос ямар бэлэг авч явах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би өөрөө бэлэг” гэж хариулсан 22 настай залуу гэртээ гэр бүлийнхнийхээ халуун уур амьсгалд амраад нөгөөдөр буцна.