АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 39 настай Моника Витт гэгч эмэгтэй болон Иран улсын дөрвөн иргэнийг онц ноцтой гэмт хэрэгтнүүдээр нэрлэж эрэн сурвалжилж байна. Моника Витт нь Америкийн нисэх хүчний офицероор алба хааж байгаад тагнуулчийн үүрэг гүйцэтгэхээр Ойрхи Дорнодод очсон ч Вашингтоны Засгийн газраас урвасан гэж буруутгаад байгаа юм.
Тагнуулч эмэгтэй 1997-2008 оны хооронд АНУ-ын Нисэх хүчинд алба хааж, 2008 оноос хойш 2012 он хүртэл тагнуулын албанд зүтгэж Иран руу сөрөг тагнуулын үүрэг гүйцэтгэхээр яваад эргэж ирэлгүй сураггүй алга болжээ. Холбооны мөрдөх товчоо Моникаг Ойрхи Дорнодод очоод удалгүй буюу 2013 онд Исламын шашинтай болж Ираны талд ажиллах болсон гэж үзээд байгаа юм. Хамгийн сүүлд түүнийг 2013 оны долдугаар сард зүүн өмнөд Азид байсан гэжээ.
Эмэгтэй Ираны Засгийн газарт урвасныхаа дараа Америкийн тагнуулчдын нэрс, нууц ажиллагаа зэрэг баримт материалуудыг өгч, Исламын шашинтны нэрийн өмнөөс Вашингтоны эсрэг ажиллах болсон гэж үзэж байна. Моника Витттэй хамт ажилладаг байсан албаныхны компьютерт тагнуулын программ хангамж суулгах гэж байсан Ираны дөрвөн иргэнийг мөн эрэн сурвалжлаад байгаа юм.
Моника Витт гэж хэн бэ?
Моника Элфриэд Витт нь Америкт төрсөн Техасын иргэн. Сураггүй алга болохоосоо өмнө Афганистан, Тажикистан улсуудын аль нэгэнд англи хэлний хичээл заадаг байсан гэж Холбооны мөрдөх товчоо тэмдэглэжээ.
Америк-Ираны дипломат харилцаа
2015 онд Цөмийн хөтөлбөрийн Р5+1 хэлэлцээрийн дагуу АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлаад байсан боловч Д. Трамп өнгөрсөн 11 дүгээр сард хэлэлцээрээс татгалзаж, дахин хориг тавьсан. Энэ долоо хоногт Варшав хотод АНУ тэргүүтэй улс орнуудын аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтаар Ираны асуудлыг хэлэлцэнэ гэж найдаж байна.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com