Далайн эргийн халуун дулаан уур амьсгалтай, амарч аялахад хамгийн тохиромжтой гэгддэг Хавай арлыг та зорих гэж байгаа бол дулаан хувцсаа зэхээрэй. Учир нь Хавайд цасаар шуурч байна.
Энэ долоо хоногийн даваа гарагаас эхлэн Хавайн арлуудад цаг агаар муудаж хүчтэй салхи, ширүүн борооноос болж далайн давалгаа түрэхийн зэрэгцээ цасаар шуурчээ.
Замын хажуугийн модод үндсээрээ сугарч, гэрлийн шонгууд унаснаар цахилгаан эрчим хүч тасраад байгаа юм. Хонолулугийн онцгой байдлын газраас жолооч нарыг машин барихдаа анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.
Мауи арлын Полиполи Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад газруудад цас ороод байна. Хавайн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бараг анх удаа нэвсийтэл цас орж, цасаар шуурч байна гэж байгаль орчны газраас мэдээлжээ.
Хавайн арлуудын зарим далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэнгүүд, Хонолулу амьтны хүрээлэн хаалгаа барьж нүүлгэн шилжүүлэхэд зориулсан орогнох байруудыг нээсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com