Дэлхийн хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хайрлаж, хүрээлэн буй орчинд ээлтэй амьдрах нь ирээдүй үр хойчдоо үлдээж буй хамгийн нандин зүйл гэж бодох нь олширчээ. Нэгэн үе ангийн үслэг эдлэл хувцас, арьсан гангараа бэлтэй, чадалтай хэн бүхний хэрэглээ болж бусдын нүдийг булаадаг байв. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөнийг дэлхийн алдартай брэндүүд ангийн үс, арьсан хэрэглээнээс татгалзсанаар батлан харуулж байна.
Томоохон загвар зохион бүтээгчдийн нэг Бекхэм хатагтай амьтны арьсыг өөрийн хувцас загварын ертөнцөд дахин ашиглахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэ нь хүрээлэн буй орчин, зэрлэг ан амьтдын эрхийг хамгаалагчдын сайшаалд нийцээд байгаа юм.
Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэргий загвар зохион бүтээгч Викториа Бекхэм өөрийн загваруудад ангийн үс огт хэрэглэж байгаагүй. Харин түүний зарим хувцас, чимэглэлд матар, могой, гүрвэлийн арьс ордог байсан юм. Гэхдээ 2019 оны хаврын шинэ коллекцоос эхлэн Бекхэм хатагтай ангийн арьсыг ашиглахгүй.
Амьтны эрхийг хамгаалагч PETA төрийн бус байгууллагын зүгээс дэлхийд алдартай брэндүүдийг ан амьтны үс, арьснаас татгалзахыг уриалсаар чамгүй амжилттай ажиллаж байгаагийн илрэл юм. Тэдний үзэж байгаагаар өндөр үнэтэй чамин тансаг арьсан гутал бүрийн ард аймшигт хүчирхийлэл, аллага үйлдэгдэж байдаг гэжээ.
Өнгөрсөн намар Лондоны загварын долоо хоног анх удаа үслэг эдлэлээс татгалзсанаараа онцлог болсон юм. Харин энэ хаврын Лондоны загварын долоо хоног баасан гарагт эхлэх гэж байна.
Эх сурвалж: www.cnn.com