Сэлэнгэ аймгийн Мандал сум 27 000 хүн амтай буюу Монгол улсын хамгийн олон хүн оршин суудаг сум юм. Бараг багахан хүн амтай нэг аймгийн дайны тоотой хүн Мандал суманд оршин суудаг гэсэн үг. Гэтэл төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг хүнд ногдох хэмжээгээр бус сумын статусаар хуваарилдаг аж.
Ганцхан жишээ дурдахад 10 000 хүн тутамд нэг эмч ногдох ёстой гэж үзвэл хөдөөгийн сумдын дундаж жишгээр нэг суманд хоёр эмч ногддог. Гэтэл 27 000 хүн амтай Мандал суманд уг нь 27 эмч хэрэгтэй ч улсын төсөвт тийм дайны хөрөнгө байхгүй тул Мандалчууд эмнэлэгийн тусламж үйлчилгээгээр дутагддаг аж.
Иймд тус аймаг, сумын удирдлагууд дотоод нөөц бололцоо, олон улсын байгууллагын тусламж дэмжлэг, өөрсдийн хөөцөлдлөгөөгөөр сумынхаа хүн амыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж чадсаар байна.
Үүний нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа 2016-2017 онд "Сэлэнгэ Ротари" клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеэрээ олон улсын "UB peace avenue" клубтэй хамтран ажиллах санал тавьж, Мандал сумын өнөөгийн байдлыг танилцуулсан аж.
"UB peace avenue" клубийн зүгээс Япон, Тайвань улсын салбар клубтэйгээ хамтран хөрөнгө босгож, Мандал сумын хүн амд нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаар болжээ.
Энэ ажил өнөөдөр хэрэгжиж Мандалчуудад 55 000 ам.долларын өртөгтэй цоо шинэ Land-78 маркийн иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Мандал сумын алслагдмал хоёр тосгон, багийн хүн амд энэ автомашинаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Өмнө нь дээрх баг, тосгонд хүрч ажиллах автомашингүй байжээ.
Аймаг, сум, орон нутгийн төсвөөс хөрөнгө заралгүй Ротаричуудын санал санаачилагаар сумын ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хийгдсэн томоохон хөрөнгө оруулалт цаашид ч үргэлжлэх гэнэ.