“20-21 зууны Оросын зураачдын уран зураг ба график зураг. 1940 оноос өмнөх ховор номнууд” нэртэй дуудлага худалдаа “КВАРТА” галерейд энэ оны хоёрдугаар сарын нэгний баасан гаригт болжээ. Тус дуудлага худалдаанд зураач Виктор Коноваловын 1956-1957 онд бүтээсэн Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны танхимын таазны эмжээр эх зургийг мөн оруулсан байна.
Танилцуулгад тус зургийн эхийг “Цаас, темпера будаг, 60,5×70,5см хэмжээтэй. Дуудах эхний үнэ 15000 рубль” гэж бичсэн байна. Зургийн эхийг зураач Виктор Коноваловын гэр бүлийн эзэмшилд байдаг аж.
Виктор Андреевич Коновалов (1912–1995) нь Москвагийн дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн бөгөөд И. Грабарь, Н. Чернышев, М.Шемякин зэрэг Зөвлөлтийн нэрт мастеруудын шавь байжээ.
Игорь Грабарь хар зураг, өнгөний гаммыг нарийн мэдэрдэг Виктор Коноваловыг “Оросын Тьеполо” гэж нэрлэдэг байв. Виктор Коновалов 1948 онд ЗСБНХОУ-ын Зураачдын эвлэлийн гишүүнээр элсч байсан байна.
Энэ мэдээлэл тархсан даруйд зарим уншигчид “Монголын ЭСЯ, Элчин сайд Б.Дэлгэрмаа нар энэхүү зургийн эхийг авч хадгалах ёстой. Монголын соёлын нэг өв шүү дээ” гэсэн байр суурьтай байна.
Виктор Андреевич Коновалов нь Москва дахь Монголын ЭСЯ-ны таазны зургаас гадна “ЗХУ-ын сүлд дуулал” (Москвагийн “Шарикоподшипник” үйлдвэрийн соёлын ордны үзэгчдийн танхимын тааз), “Чөлөөлөлт” нэртэй Москвагийн метроны “Киевская-радиальная” буудлын цуврал зураг, Москвагийн метроны “Украин ард түмний баяр” үндсэн панно зураг зэргийг бүтээсэн нэртэй уран бүтээлч аж.