Өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанд БСШУСЯ-аас Соёлын биeт бус өв болон Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн асуудлыг оруулж хэлэлцүүлжээ. Манай улс өнөөдрийн байдлаар ЮНEСКО-ийн соёлын өвийн жагсаалтад морин хуур, хөөмий зэрэг долоон соёлын өвийг бүртгүүлсэн байдаг бол яаралтай хамгаалах жагсаалтад мөн долоон соёлын биeт бус өвийг оруулсан байна.
Тиймээс Соёлын биeт бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ. Мөн Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг өнөөдөр баталжээ. Ингэснээр эртний Түрэгийн үeийн чулуун соёлын өвүүдийг хамгаалаад зогсохгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Дээрх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2.3 тэрбумыг улсын төсвөөс, 275 саяыг орон нутгийн төсвөөс, үлдсэнийг нь гадаадын зээл тусламжаас зарцуулахаар төлөвлөжээ.
Манай улсад 8000 гаруй хүн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн. Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур уламжлалт урлаг, 23 нь гар урлал, 11 нь эх хэл, аман уламжлал, дөрөв нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна.
Соёлын биет бус өв нь:
- Эх хэл, аман уламжлал
- Язгуур урлаг, тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэр /тоглоом наадгай/
- Уламжлалт гар урлал
- Зан үйл, ёс заншил, баяр наадам
- Байгалийн болон сав ертөнцийг танин мэдэх ардын мэдлэг, арга ухаан гэсэн хэлбэрээр илэрнэ гэж үздэг юм.
Мөн энэ үeэр БСШУС-ын шинэ сайд Ё.Баатарбилэг салбартаа ямар бодлого барьж ажиллах талаар нь тодрууллаа.
Тэрээр, Өмнөх "Цөм" хөтөлбөрийн хэрэгжилтийг нягталж, үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт хийгээд өөрчлөх, засч залруулах шаардлагатай зүйл байвал өөрчилнө гэдгийг онцоллоо. Мөн боловсролын салбарын хамгийн их асуудал дагуулдаг сурах бичгийн хэвлэлт, чанар, хүртээмж зэрэгт анхаарч ажиллахаа хэллээ.