СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-02-12

О.Анужингаар “гэрэлтсэн” Оделлия

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

1877 онд Большой театрын тайзнаа үзэсгэлэнт хунгууд анх чуулсан байдаг. Гэвч үзэгчид төдийлөн сайшаагаагүй гэх юм билээ. Хөгжим дэндүү хүнд, хөдөлгөөнүүд нь уйтгартай гэсэн үнэлгээг П.И.Чайковскийд өгчээ. Харин он цаг өнгөрөх тусам үзэгчид тус бүтээлийн үнэ цэнийг ойлгож, өдгөө дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болсон юм. Үе, үеийн балетын эмэгтэй гоцлоочид тус бүтээлд залуу нас, авьяас билиг, гоо сайхнаа зориулахыг “мөрөөддөг”. Дурлалдаа шатаж, хун болж хувираад хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэхийг хүсдэг билээ. Харин энэ хувь тохиол ховорхон нэгэнд заяадаг ажээ. Хүссэн бүжигчин бүхэн хар, цагаан хунгаар амьдардаггүй. Цор ганц бүсгүйг л тухайн цаг үе өөрөө сонгодог гэдэг…


Хунт нуур” балет манай театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд анх “амилсан” байдаг. Монголын анхны хар, цагаан хун бол Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Тэрээр Монголын сонгодог урлагийн түүхэн дэх хамгийн төгс хун байв. Гарны хөдөлгөөн, нүүрний хувирал зэрэг нь Одеттагийн гэнэн цагаахан сэтгэлийг илэрхийлдэг бол далавчны дэвэлт, шийдэмгий байдал, түрэмгий харц нь яг л Оделлия гэж урлаг судлаачид тэмдэглэн үлдээжээ.

УДБЭТ-ын тайзнаа тасралтгүй 40 гаруй жил тоглогдож буй “Хунт нуур” балет сар шинийн өмнөхөн уламжлал ёсоор тайзнаа ирлээ. Театрын улаан хамбан хөшиг алгуурхан нээгдэхэд үзэсгэлэнт төгөлд очсон мэт үлгэрийн ертөнц угтах юм. Тэнд хун болж хувирсан үзэсгэлэнт бүсгүй гуниглан сууна. П.И.Чайковский бүжгэн жүжгээ үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний домгоос сэдэвлэж бичсэн гэдэг. Балет тэр чигээрээ үзэсгэлэнт хун бүсгүй болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Хорон санаат шидтэн Ротбардын гоо үзэсгэлэнд нь атаархаж хун болгосон бүсгүй гунигт бүжгээ хийж байхыг нь ханхүү хараад дурлачихав. Бүсгүй зөвхөн үүр шөнөөр л хүн төрхөндөө хувирдаг байж.


Шинэ цагийн шинэ хун


Хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг. Нэг биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог билээ. Дэлхийн эмэгтэй балетчин бүхний мөрөөдөл нь хар, цагаан хунд гоцлох. Зөвхөн энэ балетад гоцлохын тулд хэдэн жилээр нуурын эрэг сахиж, хун шувууны хөдөлгөөн, сэтгэлзүйн онцлогийг судалсан бүжигчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг ажээ.

Энэ үдэш яг л энэ балетаар “өвчилсөн” шинэ цагийн залуухан хун үзэгчидтэй уулзав. Тэр бол 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндлэлийг хүлээсэн балетын гоцлооч О.Анужин байв Хэдийгээр 2015 оноос тус балетад гоцолсон ч энэ л бүжгэн жүжгээр тайзнаа гарах бүртээ шинэ мэдрэмж авдаг гэж нэгэн ярилцлагандаа дурьдсан байсныг нь санаж байна.

Үнэхээр О.Анужингийн гоцолсон тоглолт бүрийг үзэхэд өмнөх дүрээ давтдаггүй хөдөлмөрч чанар нь ажиглагддаг билээ. Энэ удаад ч тэрээр шинэхэн хун байлаа. Яг л тайзнаа анх удаа гарч буй мэт өөртөө дэндүү итгэлтэй хэрнээ үл ялиг догдолсон харагдана. О.Анужинг бүжигчид техник сайтай гэж үнэлдэг. Ялангуяа цагаан хунгаас илүү хар хунд тэрээр төгс зохицдог гэлтэй. Нүдний харц, хурдан шалмаг хөдөлгөөн нь гайхалтай. Бүжгэн жүжгийн хамгийн оргил хэсэг болох хар хунгийн 32 эргэлтийг хийхдээ ч их цэвэрхэн, төгс гүйцэтгэдэг билээ. Энэ удаад ч тэрээр үзэгчдийг уулга алдаж, суудлаасаа өндөлзтөл бүжиглэсэн юм.

О.Анужин хун болохоор төржээ



Энэ цагийн хун бол Хөгжим бүжгийн консерваторийн төгсөгч. Хэдийгээр урлагийн удамгүй ч өөрийн хүсэл мөрөөдлөөр энэ мэргэжлийг сонгожээ. Түүнээс яагаад бүжигчин тэр тусмаа балетын бүжигчин болохоор шийдэв гэж асуухад “Багадаа орос сургуульд сурдаг байсан юм. Манай сургууль урлагийн хамтлагтай. Тэр хамтлагаас л уран бүтээлч, бүжигчин болох хүсэл минь ундарсан. Мөн найзын маань ээж балетчин байлаа. Нэг удаа тоглолтыг нь үзэхэд их сайхан санагдсан. Тэгээд л бүжигчин болмоор байгаагаа ээждээ хэлэхэд дэмжсэн” хэмээн дурссан юм. Харин “Хунт нуур” балетын тухай асуухад “Анх 2015 онд энэ балетад бүжиглэсэн. Бүжигчний хувьд хоёулаа л ур чадвар, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ цагаан хун илүү хэцүү санагддаг юм. Учир нь хөдөлгөөн бүр нь уян зөөлөн. Харин хар хун илүү техник, хурдан хөдөлгөөн шаарддаг учир надад арай дөхөм” гэв. Үнэхээр энэ цагийн хун О.Анужин хун болохоор төржээ. Түүний уран бүтээл, амьдрал бүх зүйл нь балетын урлагтай салшгүй холбоотой юм байна. Энэ үдшийн “Хунт нуур” балетыг тэр тодоос тод гэрэлтүүлж байсан юм.



Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.